Vol. 12 No. 1 (590) (2023): Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology

					View Vol. 12 No. 1 (590) (2023): Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Их Сургуульд хийгдэж буй бүтцийн өөрчлөлт, хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотой Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн ухааны салбарын Антропологи, Археологийн тэнхим эрдэм шинжилгээний сэтгүүлийнхээ редакцийн зөвлөлийг шинэчлэн баталлаа. “Монголын антропологи, археологи, угсаатан судлалын сэтгүүл”-ийн анхны дугаар 2002 онд хэвлэгдсэн гарснаас хойш арван нэгэн дугаар хэвлэмэл байдлаар, хоёр дугаар цахим хувилбараар нийтлэгдэн олны хүртээл болжээ (https://journal.num.edu.mn/MJAAE/issue/archive).

Тус сэтгүүл энэ удаа шинэчлэгдсэн форматаар уншигч олондоо хүрч байгаа бөгөөд Монголын археологи, биологийн болон нийгэм соёлын антропологи, угсаатан судлалын салбарын шинэ мэдээлэл, судалгааны шинэлэг үр дүнг нийтлэх, салбарын эрдэмтэн судлаач, ахисан түвшний оюутан суралцагчдын санал бодлоо хуваалцах эрдэм шинжилгээний талбар байх юм. Манай энэ дугаарын онцлог нь сэтгүүлийн шинэчлэлтэй холбогдон зарим өгүүлэл бичигдсэнээс хойш хэдэн жилийн дараа хэвлэгдэж байна. Цаашид сэтгүүл маань жил болгон тогтмол хэвлэгдэх бөгөөд өгүүлэл бүр DOI (Digital Object Identifier) дугаартай гарч байх юм. Ингэснээр зохиогч Таны өгүүлэл “Google scholar” мэдээллийн санд бүртгэгдэж олон улсын хэмжээнд эшлэл тоологдох боломжтой болно.

“Монголын антропологи, археологи, угсаатан судлалын сэтгүүл”-ийн толилуулан буй дугаарт Монголын хадны зургийн шинээр олдсон сонин содон дурсгалуудын судалгааг тусгай сэдэв болгон онцлов. Мөн Монгол нутгаас шинээр олдсон эрт, дундад зууны нүүдэлчдийн түүхэнд холбогдох бичээс, ваар сав, морины тоног хэрэгсэл, хот суурины байгууламж, эртний нүүдэлчдийн дунд нарийн зохион байгуулалт бүрэлдэх явцыг археологийн баримтаар тодруулах асуудал, орчин үеийн археологид ихэд нэвтэрч буй дижитал баримтжуулалтын аргазүйн тухай өгүүллүүд, нийгэм соёлын антропологи дахь эрхзүйн хүн судлал, Монголын угсаатны зарим бүлгийн ижилсэл ба өвөрмөц байдал, зан үйлийн тухай эрдэм шинжилгээний өгүүллүүд багтав.

Манай сэтгүүл цаашид жил тутам Монголын археологи, биологийн ба соёлын антропологи, угсаатан судлалын чиглэлийн эрдэм шинжилгээний шинэ өгүүлэл, тэмдэглэлийг монгол, англи хэлээр хэвлэмэл болон цахим хувилбараар олон улсын гишүүнчлэл бүхий редакцийн хянан магадлагаан дор нийтлэж байх бөгөөд салбарын эрдэмтэн судлаачид төдийгүй их дээд сургуулийн магистрант, докторантуудын судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэх индэр байхыг хичээн ажиллана.

Published: 2023-12-23

Articles