МОНГОЛ АЛТАЙД ИЛЭРСЭН ПАЛЕОЛИТЫН ҮЕИЙН ХАДНЫ ЗУРГИЙН ШИНЭ ДУРСГАЛ: БАГА ОЙГОР-VI (Танилцуулга өгүүлэл)
Keywords:
дээд палеолит, хадны зургийн нээлттэй дурсгал, сийлмэл ба хонхойлгосон зураг, Монгол, АлтайAbstract
Дэлхийн өв - Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын бүсэд багтах Бага Ойгор-VI дурсгалт газарт чулуун зэвсгийн үед хамаарах хадны зургийн томоохон бөөгнөрөлийг анх 2004 онд Ц.Төрбат илрүүлсэн бөгөөд 2019 онд Ц.Төрбат, Н.Батболд, Б.Өмирбек нар баримтжуулж судалсан байна. Уг цогцолбор нь дээд палеолитын үед хамаарах адуу, янгир, аргаль, буга, үхэр, могой зэрэг амьтдын дүртэй 41 зураг, хүрлийн үед хамаарах 16 зураг, нийт 57 зургаас бүрдэнэ. Уг дурсгалын хадгалалтын байдал ижил төстэй дурсгалуудаас хавьгүй сайн бөгөөд үзэгдэх байдал нь тод томруун юм. Үүнтэй ижилсэх палеолитын үеийн сийлмэл зургийн нээлттэй дурсгалууд дэлхийд харьцангуй цөөн байдаг бөгөөд газар зүйн хувьд хамгийн ойрын дурсгал нь Өмнөд Кавказын Гобустаны дурсгал бөгөөд хамгийн том бөөгнөрөл нь Иберийн хойгт байна. Алдарт Хойд Цэнхэрийн агуйн зосон зургийн зэрэгцээ палеолитын үеийн олон тооны сийлмэл зургийн дурсгалууд нээгдээд байгаа тул Монгол Алтайн бүс нутгийг дурсгалуудын тоо, тархалтын хэмжээг харгалзан үзэж “өвөг урлагийн голомт нутаг” гэж тодорхойлж болохоор ач холбогдолтой газар болоод байна.