Vol. 41 No. 483 (2017): Монгол судлал

					View Vol. 41 No. 483 (2017): Монгол судлал

МУИС-ийн ШУС-аас эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цувралын энэ удаагийн дугаарт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэл болон утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүдээс гадна тус сургуультай хамтын ажиллагааны гэрээ бүхий гадаадын зарим их дээд сургууль, байгууллагын судлаачдын бүтээл, мөн энэ онд тохиосон баярт үйл явдал, шинэ номын мэдээг хэвлэж байна.

“Монгол судлал”  цуврал нь эрдэм шинжилгээний шинэ, соргог өгүүллийг дотоод, гадаадын мэргэжил нэгт нөхөддөө танилцуулахаас гадна монгол судлалаар суралцагч залуу үед сургалтын гарын авлага болохуйц бүтээлийг хүргэхэд анхаардаг юм. Иймд бид энэ удаа манай ахмад багш нарын нэг Төрийн шагналт, гавьяат багш, академич Ш.Лувсанванданы 1959 онд анх Олон улсын монголч эрдэмтний анхдугаар их хурал дээр танилцуулсан Монгол хэл аялгууны учир өгүүллийг “Судалгааны өв” буланд хэвлэж байна. Мөн “Орчуулга” буландаа дээрх зорилгын үүднээс харь хэлний үгсийг хэрхэн нутагшуулах талаар туршлага болохуйц нэгэн бүтээлийн орчуулгыг хэвлэв. Цувралын “Хэл шинжлэл” буланд орсон өгүүллүүдэд монгол хэлний зөв бичихзүйн маргаантай асуудал, үгсийн аймаг,  үгийн сан судлалын зарим асуудлыг авч үзсэн бол ихэнх бүтээл нь монгол хэл-соёлын асуудалд зориулагджээ.

“Утга зохиол, урлаг судлал” буланд манай судлаачдын Монголын эртний уран зохиолын дурсгалууд, Монгол уран зохиолын зарим төрөл зүйлийн онцлогийг тодруулсан өгүүллээс гадна гадаадын монголч эрдэмтдийн бүтээлийг хэвлэж байна. Түүнчлэн гадаадад хадгалагдаж буй монгол хэл, бичгийн зарим ховор сурвалжийг тусгайлан авч үзсэн, мөн зарим хөгжмийн зэмсгийн үүсэл, хөгжилд зориулсан бүтээл ч бий.

Түүнчлэн хэвлэх бүтээл тавигдах шаардлагыг сэтгүүлийн зөвлөлөөс шинэчлэн боловсруулснаа танилцуулж байна. Иймд уг цувралд хэвлэж буй бүтээлүүдийн бичлэгийн хэлбэрийг жигд байлгах, цаашид цахим хувилбараар түгээх зэрэгт хүндрэл учруулахгүй байх үүднээс эрхэм хүндэт эрдэмтэн судлаач та бүхэн манай цувралд бүтээлээ ирүүлэхдээ хэвлэн нийтлэлийн шаардлагыг чанд баримтална уу. Мөн “Монгол судлал” цувралын талаарх санал хүсэлт, мэргэн зөвлөгөөгөө бидний хаягаар ирүүлээрэй.

Монгол   судлал.  МУИС-ийн   Эрдэм   шинжилгээний   бичиг.  XLI боть (483). Эрх. Б.Түвшинтөгс Уб., 2017, 218x. Соёмбо принтинг XXK. ISSN 1997-1826.

Published: 2017-05-15

Судалгааны өв

Хэл шинжлэл

Орчуулга

Мэдээлэл