Монгол хэлний ойролцоо нэгжийг бодит болоод хийсвэр утгын талаас авч үзэх нь
Keywords:
бодит буюу юмжуулах харьцаа, хийсвэр буюу дохиожуулах харьцаа, ойролцоо дагавар, ойролцоо өгүүлбэрAbstract
https://doi.org/10.22353/ms20224610
Бид монгол хэлний ойролцоо дагавар, ойролцоо өгүүлбэрийг авч үзэхдээ хэлний бага нэгж нь их нэгжээ агуулдаг, их нэгж нь бага нэгжээ багтаадаг харьцаанд нь тулгуурлан, тус бүрийг бодит болоод хийсвэр утгын талаас харьцуулан авч үзсэн болно. Үүнд:
а. Монгол хэлний ойролцоо дагаврын илтгэж буй салаа утгын ихэнх нь таарвал тэдгээрийн утга нь ойртож, салаа утгын ихэнх нь ялгарвал ойролцоо утга нь холдоно гэж үзэж байна. Тодруулбал, үйл үгээс нэр үг үүсгэдэг “-дал, -ц” дагаврын салаа утгыг тодорхойлон харьцуулахад зөвхөн хэмжээ заасан утгаараа ялгаран, ихэнх нь таарч, улмаар тэдгээрийн утга
нь ойртох тул ойролцоо утгат дагавар болно гэж үзэж байна. Монгол хэлний ойролцоо дагаврыг бодит болоод хийсвэр утгын талаас авч үзэхдээ, үйлээс нэр үг үүсгэх “-дал, -ц” дагавраар жишээлэн, тус бүрийн салаа утгыг харьцуулсан бөгөөд
хийсвэр утгын талаас, бүтээн хөдлөх, өөрийн эрхээр хөдлөх утга бүхий үйл үндсэнд залгахад үйлийн янз байдал заасан утга илтгэх нь олонтоо байна.
б. Монгол хэлний ойролцоо өгүүлбэрийг бодит болоод хийсвэр утгын талаас авч үзсэн нь агуулгын талд хамаарах бөгөөд эдгээр нь уг үйл явдал нэг юм уу, эсвэл үйл явдлын тухай санаа төстэйд тулгуурлана гэж үзэж болно. Бодит ойролцоо өгүүлбэр нь зүйлийн үгээр бодит үйл явдлыг давтан, нэг санаа илтгэж байна. Үүгээрээ хийсвэр ойролцоо өгүүлбэрээс ялгагдана. Түүнчлэн бодит ба хийсвэр ойролцоо өгүүлбэрийг бүтээхэд ойролцоо гишүүн чухал үүрэгтэй болох нь хэлний баримтаас харагдаж байна. Бодит ойролцоо өгүүлбэр нь нэг санааг илтгэхийн тулд бодит үйл явдлыг давтан, эс адилтган бүтсэн байдаг бол хийсвэр ойролцоо өгүүлбэр нь бодит санааг хийсвэр санаатай ил ба далд адилтган, улмаар ойролцоо санааг илтгэж байна.