Улаанбаатар хотын төвийн дүүргүүдийн хүн амын хэтийн тооцоо, 2005-2020

Main Article Content

А. Солонго

Abstract

Хотын төвийн дүүргүүдийн хувьд хүн амын ердийн өсөлт 1992-2005 оны хооронд харьцангуй тогтвортой байжээ. Харин Улаанбаатарыг, тэр дундаа төвийн дүүргүүдийг чиглэсэн шилжих хөдөлгөөн нь улс орны хөгжлийн түүх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үеүдтэй нягт холбоотой байсаар ирсэн бөгөөд улмаар хотын хүн амын өсөлтөд механик өсөлтийн нөлөө эрс нэмэгдэв. Тухайлбал, 1992-1998 оны хооронд хотын хүн амын тоо 77.2 мянгаар нэмэгдсэн бөгөөд энэхүү өөрчлөлтийн 56.8 хувийг механик өсөлт бүрдүүлж байсан бол 2000-2005 оны хооронд хүн ам 178.8 мянгаар нэмэгдсэнийй 75.9 хувийг механик өсөлт эзэлж байна.


Хүн амын өсөлтийн динамик чиг хандлага, дүүрэг тус бүрийн хүн амын жилийн дундаж өсөлтийн хурд, хүн амын тооны өөрчлөлтөд ердийн болон механик өсөлтийн эзлэх хувийн жин зэргийг харгалзан үзэж, хүн амын хэтийн тооцоог 2010, 2015, 2020 онуудаар дээд, доод, дунд гэсэн хувилбаруудаар гаргахад нийслэлийн хүн амын өсөлтийн механик өсөлт буюу цэвэр шилжих хөдөлгөөний ирээдүйн хандлага цаашид ерөнхийдөө өсөхөөр байна. Хэтийн тооцоогоор хамгийн их хүн амтай байх дүүрэг нь доод болон дунд хувилбараар Баянзүрх, дээд хувилбараар Сонгинохайрхан дүүрэг байх төлөвтэй байна. Харин хамгийн цөөн хүн амтай байх дүүрэг нь аль ч хувилбараар Хан-Уул дүүрэг орж байна. Хот төлөвлөлтийн стратеги, засаг захиргааны нэгжийн хүрээний тэлэлт дэд бүтцийн хөгжлийн стратегий зорилтот дүүргүүд нь Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүд болох нь харагдаж байна. Хөгжлийн зүй тогтлын хувьд Монгол Улсын хүн амын насны бүтэц, түүний ирээдүйн хандлагыг авч үзэхэд залуучууд буюу 15-34 насныхны эзлэх хувийн жин хамгийн өндөр байна. Ирээдүйн хүн амын энэхэүү насны бүтцийг шилжин ирэгчдийн хүн ам зүйн шинж байдалтай холбон авч үзвэл Улаанбаатар уруу чиглэсэн шилжих хөдөлгөөн буурахгүй байх нэг нөхцөл болж байна. Нөгөөтэйгүүр, шилжин ирэгсдийн хотод дасан зохицож, амьдрал ахуй нь тогтворжихийн хирээр хамаатан, садан танилуудын сүлжээ улам бэхжин тэлж, хөдөө орон нутгаас энэхүү сүлжээгээр дамжин шилжин ирэгсэд цаашид нэмэгдсээр байх нөхцлийг бүрдүүлж байна. Хүмүүсийн сонголт хийх боломж нэмэгдэхийн хэрээр амьдрах нөхцөл илүү сайн байгаа, хөгжил өндөр байгаа тэр л газар нутаг уруу тэмүүлэх хүсэл эрмэлзэл өндөр байгаа нь шилжих хөдөлгөөний ирээдүйн хандлагыг тодорхойлох бас нэг нөхцөл болж байна.


Хүн амын өсөлт, шилжих хөдөлгөөний нөлөө хамгийн өндөр байгаа Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүн ам, ядуурал, нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн тулгамдсан асуудал дараагийн 15 жилд үргэлжлэх төлөвтэй байна. Иймд Мянганы хөгжлийн зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх талаар авсан томоохон алхамуудыг шийдвэрлэхэд нэн тэргүүнд эдгээр дүүргүүдээс эхлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Article Details

Section
Article
Author Biography

А. Солонго

Докторант, МУИС-ийн ЭЗС-ийн ХАССТ-ийн захирал, ахлах багш

 

Most read articles by the same author(s)

1 2 > >>