Нийгмийн хамгааллын үзэл баримтлал, нийгмийн хамгааллын индексийн тооцоолол
Main Article Content
Abstract
Нийгмийн хамгааллын стратегид нийгмийн хамгаалал гэдэг нь “үр өгөөжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эмзэг аюултай байдал болон орлогогүй болохоос сэргийлэх чадварыг бий болгосноор ядуурал, эмзэг байдлыг бууруулахад чиглэгдсэн багц бодлого, хөтөлбөр” гэжээ. Энэхүү ажлаар Монгол улсын нийгмийн хамгааллын тогтолцоог товч тайлбарлан харуулж, Азийн хөгжлийн банкнаас боловсруулсан Нийгмийн хамгааллын индекс (НХИ) тооцох аргачлалаар Монгол улсын нийгмийн хамгааллын зардал, үр ашиг, зорилтот бүлэгт хэрхэн чиглэж байгааг тооцон дүгнэлт хийлээ.
2012 оны байдлаар НХИ 0.249 буюу Монгол улсын нийгмийн хамгааллын дундаж зардал ядуурлын шугамын 25 орчим хувьтай тэнцүү байв. Нийгмийн хамгааллын гүнзгийрэлт 0.172 байгаа нь нийгмийн хамгааллийн хөтөлбөрт хамрагдсан нэг хүнд ногдох зардлын хэмжээ ядуурлын шугамын зардлын 17%- тай тэнцэж байна. Нийгмийн хамгааллын индексийн хүрээ 1.466 гарсан нь нийгмийн хамгааллын зардал зорилтот хүн амын 146%-ийг хамарчээ. Ядуу хүн амын хувьд НХИ 0.067 гарсан бол ядуу бус хүн амын хувьд 0.183 байна. Эндээс нийгмийн хамгааллын зардал ядуугаас илүү ядуу бус хүн амд ихээхэн зарцуулагджээ.
Нийгмийн хамгааллын зардал жил бүр нэмэгдэж байгаа хэдий ч нэг хүнд ногдох зардал, үр ашгийн хэмжээ бага, нийгмийн хамгаалалд хамрагдах ёстой хүн амын хамрагдалтын түвшин бага байгаа нь нийгмийн хамгаалалд зарцуулж буй хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай болохыг судалгаа, тооцоолол нотолж байна.