ГЭР ОРОНГҮЙДЭЛ, ТҮҮНИЙ ШАЛТГААН: УЛААНБААТАР ХОТЫН ЖИШЭЭГЭЭР
Main Article Content
Abstract
Хүн бүр “хөгжлөөс үл орхигдох” эрхтэй ч Монгол Улсад гэр оронгүйдлийн талаарх ойлголт, тодорхойлолт цэгцрээгүй, тоо мэдээ, судалгаа дутмаг байгаагаас бусдын нүдэнд гэр оронгүй гэж шууд харагдахгүй ч олон улсын стандартаар “гэр оронгүй” ангилалд орох хүмүүс бий болоод удаж байна. Судалгаанд 1) Олон улсын ойлголтод суурилан Монгол Улс дахь “гэр оронгүйдэл”-ийн тоо хэмжээг тогтоох, 2) Гэр оронгүй иргэдийн шинж байдал, шалтгааныг судлах зорилтууд дэвшүүлсэн. Шинжилгээнд ҮСХ-ны Хүн ам, орон сууцны тооллого, нийслэлийн захиргааны хэвлэгдээгүй тайлангууд, Когнос интернэйшнл ХХК-ийн 2022 оны судалгаа[1] зэрэг хоёрдогч мэдээллүүд ашиглан баримт бичгийн судалгаа, “дүрслэх статистик”-ийн ба чанарын судалгааны “сэдэвчилсэн” шинжилгээнүүд хийсэн. Хүн амьдрах зориулалтгүй сууцанд амьдарч буй өрхийн тоо 2020 оны ХАОСТ-оор улсын хэмжээнд 8,039, Улаанбаатарт 2,227 байна. Харин НЗДТГ-ын мэдээгээр Улаанбаатарт 2022 онд 6,779 өрх зориулалтын бус сууцанд, үүнээс 1,857 нь орон сууцны орц, подваль, 00 өрөөнд гэр бүлээрээ амьдарч байна. Түүнчлэн Улаанбаатарт тэнэмэл иргэдийн тоо 2020 оны эцэст 850-д хүрсэн ба 2023 онд шинээр 256 иргэн гэр оронгүй болсон хэмээн орон байраар түр хангах улсын үйлчилгээнд хамрагдсан байна. Улаанбаатар дахь тэнэмэл иргэдийн дийлэнх эрэгтэй, дунджаар 48.3 настай, бэлэвсэн юмуу гэр бүл салсан, тал хувь нь 7-оос дээш жил хэсүүчилж байгаа бол зориулалтын бус сууцанд амьдрагчдын дийлэнх эмэгтэй, өрх толгойлсон, дунджаар 46.4 настай, тал хувь нь 5-аас дээш жил зориулалтын бус сууцанд амьдарч байна. Гэр оронгүй болсон шалтгаанууд нь тэнэмэл иргэдийн хувьд ихэвчлэн хувь хүн, гэр бүлийн холбогдолтой, зориулалтын бус сууцанд амьдарч буй иргэдийн хувьд “тогтолцооны” холбогдолтой байна.
Түлхүүр үгс: гэр оронгүй иргэд, тэнэмэл иргэд, гэр оронгүйдэл, гэр оронгүйдлийн шалтгаан
[1] Өгүүлэлд Азийн Хөгжлийн Банкны захиалга, санхүүжилтээр Когнос интернэйшнл ХХК-ий хийсэн “Улаанбаатар хотын гэр оронгүй иргэдийн нөхцөл байдлыг үнэлэх” түргэвчилсэн судалгааны тоо мэдээллийг хоёрдогчоор ашигласан. Анхдагч тоо мэдээлэл цуглуулах ажилд хамтран оролцсон судлаач С.Болормаа, С.Туяа, Т.Сүмжидмаа, Н.Батсүх, Б.Сугар, Ц.Цогтбаяр, Б.Намуун, Л.Баянмөнх нарт талархал илэрхийлье.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.