Монгол улсын хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхийн дундаж хугацаа: олон шатат өргөтгөсөн насжилтын хүснэгт ашиглан тооцох нь
Main Article Content
Abstract
Судалгааны ажлын гол зорилго нь Монгол Улсын хүн амын дундаж наслалтын өөрчлөлтийг судлан, хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй ба идэвхгүй байх дундаж хугацааг 2040 он хүртэл тодорхойлох явдал байв.
Судалгаанд ҮСХ-ны Хүн ам, орон сууцны тооллого 2010-ын тоо мэдээлэлд үндэслэсэн “Хүн амын 2010-2040 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-г ашиглан, насжилтын үндсэн хүснэгтийг 2040 он хүртэл, таван жилийн интервалтайгаар боловсруулсан. Уг үндсэн насжилтын хүснэгтийг өргөтгөн, ажиллах хүчний хүснэгтийн тооцоог хийж, хүн амын эдийн засгийн идэвхтэй ба идэвхгүй байх дундаж хугацааг тодорхойлсон. Энэхүү тооцоог хийхдээ 2010 оны хүн амын ажиллах хүчний оролцооны түвшин дараагийн жилүүдэд үргэлжилнэ гэсэн төсөөллийг ашигласан.
Тооцооллоор, 2040 он гэхэд Монгол Улсын хүн амын дундаж наслалт тогтвортой өсч, 75.8 жил болох ба 2010 оныхоос 6.9 жилээр уртаcна. Дундаж наслалт нэмэгдэж байгаатай холбоотой хүн амын тэтгэврийн наснаас хойшхи амьдрах хугацаа буюу эдийн засгийн идэвхгүй байх хугацаа цаашид нэмэгдэх хандлагатай байна. 60 настай хүн амын тухайн наснаас хойш амьдрах хугацаа 2010 оны байдлаар 15.3 жил байсан бол 2040 онд 18 жил болж 3 жилээр нэмэгдэхээр байна. Хүн амын эдийн засгийн идэвхгүй байх, тэр дундаа өндөр насны тэтгэвэрт байх дундаж хугацаа нэмэгдэх нь тухайн улс орны нийгэм-эдийн засагт тухайлбал, өндөр насны тэтгэврийн зардал өсөх, эрүүл мэнд, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд төр засгаас ихээхэн анхаарал, хүчин чармайлтыг шаардаж байна.