Vol. 42 No. 506 (2018): Монгол судлал

					View Vol. 42 No. 506 (2018): Монгол судлал

МУИС-ийн ШУС-аас эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цувралын энэ удаагийн дугаарт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэл болон Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүдээс гадна тус сургуультай хамтын ажиллагааны гэрээ бүхий гадаадын зарим их дээд сургууль, байгууллагын судлаачдын бүтээл, залуу судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл мөн энэ онд тохиосон баярт үйл явдал, шинэ номын мэдээг хэвлэж байна.

“Монгол судлал”  цуврал нь эрдэм шинжилгээний шинэ, соргог өгүүллийг дотоод, гадаадын мэргэжил нэгт нөхдөдөө танилцуулахаас гадна монгол судлалаар суралцагч залуу үед сургалтын гарын авлага болохуйц бүтээлийг хүргэхэд анхаардаг юм. Иймд бид энэ удаа манай ахмад эрдэмтдийн нэг, академич Ц.Дамдинсүрэнгийн бүтээлээс “Судалгааны өв” буланд хэвлэж байна. Энэхүү 2018 онд академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой тохиож буй билээ. Мөн “Орчуулга” буландаа Чингисийн чулууны бичгийг нээж олсны 200 жилийн тэгш ойг тохиолдуулан уг бичээсийг анх Чингис хааны дүү Хасарын хүү Есүнгэ ноёнд хамааралтай гэдгийг олж тогтоосон Дорж Банзаровын өгүүллийн орчуулгыг хэвлэв.

Цувралын “Хэл шинжлэл” буланд орсон өгүүллүүдэд монгол хэлний түүхэн хэлзүйн зарим зүйл, үгийн сан судлалд холбоотой асуудлууд тусгагджээ.

“Утга зохиол, урлаг судлал” буланд манай судлаачдын Монголын эртний уран зохиол, монгол уран зохиолын зарим төрөл зүйлийн онцлогийг тодруулсан өгүүллүүд буй.

Түүнчлэн хэвлэх бүтээл тавигдах шаардлагыг сэтгүүлийн зөвлөлөөс шинэчлэн боловсруулсныг дахин танилцуулж байна. Иймд уг цувралд хэвлэж буй бүтээлүүдийн бичлэгийн хэлбэрийг жигд байлгах, цаашид цахим хувилбараар түгээх зэрэгт хүндрэл учруулахгүй байх үүднээс эрхэм хүндэт эрдэмтэн судлаач та бүхэн манай цувралд бүтээлээ ирүүлэхдээ хэвлэн нийтлэлийн шаардлагыг чанд баримтална уу. Мөн “Монгол судлал” цувралын талаарх санал хүсэлт, мэргэн зөвлөгөөгөө бидний хаягаар ирүүлээрэй.

Монгол   судлал.  МУИС-ийн   Эрдэм   шинжилгээний   бичиг.  XLII боть (506). Эрх. Б.Түвшинтөгс Уб., 2018, 116x. Соёмбо принтинг XXK. ISSN 1997-1826.

Published: 2018-05-15

Судалгааны өв

Мэдээлэл