Улаанбаатар хотын гэр бүлийн амьдралын мөчлөгийн судалгаа
Main Article Content
Abstract
Гэр бүлийн амьдралын мөчлөг судлал нь хүн ам зүйн шинжлэх ухааны чухал асуудлуудын нэг юм. Монголд гэр бүлийн амьдралын мөчлөгийг тодорхой хүрээнд судалж байсан ч хүн ам зүйн үзүүлэлтүүдийн өөрчлөлт, хандлагатай холбон судалсан судалгаа, шинжилгээний ажил их дутмаг, хэрэглээ (тухайлбал, нийгэм, эдийн засгийн төлөвлөлт, гэр бүлийн хөгжлийн талаарх аливаа төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх тал дээр) сул байна.
Энэхүү ажил нь Улаанбаатар хотын гэр бүлийн амьдралын мөчлөгт гарч буй өөрчлөлт, түүний үр нөлөөг судлах зорилготой. Судалгаанд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 45-аас дээш насны нийт 250 эмэгтэйг хамруулсан бөгөөд эх олонлогоос түүвэрлэхдээ магадлалт бус, боломжит түүвэрлэлтийн аргыг ашигласан.
Судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн гэр бүлийн амьдралын мөчлөгийг тодорхойлохдоо хэд хэдэн загварыг ашигласан бөгөөд судалгааны дүнгээс харахад нийт судалгаанд хамрагдагсдын дийлэнх хувь нь нуклеар өрхөд амьдарч байсан учраас Glick-ийн загварыг гол болгон шинжилгээ хийсэн. Загвар I-д нөхөр нь нас барах үеийн эмэгтэйн насыг тодорхойлохдоо судалгааны асуулгыг нэгтгэж тооцсон бол загвар II-т 2000 оны Улаанбаатар хотын насжилтийн хүснэгтийн тухайн наснаас цаашид үргэлжлэн амьдрах хүн жилийн тооцоог ашигласан. Харин
сүүлийн III дахь загварт нийлмэл өрхийн хэв шинжийг илүү тусгасан.
Судалгаанд хамрагдсдын гэр бүлийн амьдралын мөчлөгийн (Загвар I) I үеийн үргэлжлэх хугацаа нийт эмэгтэйчүүдийн хувьд 1,09 жил, II үе 11,37 жил, III үе 10,03 жил, IY үе 11,04 жил, Y болон YI үе нийтдээ 24,34 жил байна. Үе тус бүрийн үргэлжлэх хугацааг авч үзэхэд I, III, YI үе насны бүлэг залуужих тусам нэмэгдэх хандлагатай байхад II болон IY үеийн хувьд буурах хандлагатай байна.
Гэр бүлийн амьдралын мөчлөгийн үе тус бүр нь Монголын хүн ам зүйн түүхэн өөрчлөлт, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөөг тусгаж байв. Тодруулбал, ХХ зууны эхэн үеийн ядуу буурай байдал, хөгжлийн доогуур түвшин, 1980-аад оноос эхэлсэн төрөлтийн бууралт, зах зээлийн эдийн засагт шилжих үеийн хямрал зэргийг онцолж болно.
Хүн ам зүй болон нийгэм, эдийн засагт гэр бүлийн амьдралын мөчлөгийн үе тус бүр нь олон эерэг, сөрөг үр дагаврыг бий болгодог. Эхний үе урт байх нь төрөлтийн түвшин буурахыг, YI үе богино байх нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр оролцооны түвшин буурахыг, сүүлчийн үе урт байх нь өрх, гэрүүдэд ачаалал нэмэгдэхийг харуулдаг.