Монгол улсын тэтгэврийн даатгалын сангийн алдагдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс

Main Article Content

Б. Мөнхжаргал
Х. Айжан

Abstract

Энэхүү судалгааны зорилго нь Монгол улсын тэтгэврийн даатгалын сангийн алдагдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох явдал байв.
Сүүлийн 10 гаруй жилд Монгол улсын хүн амын насны бүтэц харьцангуй тааламжтай нөхцөлд байгаа ч тэтгэврийн даатгалын сангийн алдагдал жилээс жилд нэмэгдэж түүнийг нөхөх зорилгоор улсаас олгож буй татаас мөн өсч байна. Түүнчлэн хөдөлмөрийн насны хүн амын хувь өссөнтэй холбоотойгоор тэтгэвэр авагчдаасаа даатгуулагчдын тоо илүү өсч байгаа хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн алдагдал буурахгүй байсаар байна. Эдийн засгийн талаас авч үзвэл эдийн засгийн идэвхтэй хүн амын хувь 1995 оноос хойш байнга нэмэгдэж ирсэн ч нийт хүн амын дөнгөж гуравны нэг гаруй хувийг эзэлж байгаа ба тэдгээр хүмүүс бүрэн хэмжээгээр тэтгэврийн даатгалд хамрагдаж чадахгүй байна. Мөн манай улсын ажиллагсдын багагүй хувийг эзэлдэг хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон малчид сайн дурын даатгалд хамрагдах боломжтой байгаа ба тэдний энэ төрлийн даатгалд хамрагдсан байдал маш хангалтгүй байна. Эдгээр нөхцлүүд нь Монгол улсын тэтгэврийн даатгалын сангийн орлогын бүрдэлтэд сөргөөр нөлөөлж, цаашилбал алдагдал буурахгүй байхад нөлөөлж байна. Бодлогын талаас нь дүгнэвэл, манай улсын хүн амын тэтгэвэрт гарах насны талаарх хуулийн заалт ижил түвшингийн хөгжилтэй орнуудынхтай ойролцоо байгаа хэдий ч янз бүрийн шалтгаанаар эрт тэтгэвэрт гарах хандлага өндөр байна. Нөгөө талаас, Монголд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 6 орчим жилээр доогуур байгаа хэдий ч тэтгэвэрт гарч буй дундаж нас нь 9 жилээр орой байгаа нь харьцангуй тэнцвэргүй үзүүлэлт мөн. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бага хугацаанд шимтгэл төлж байгаа боловч удаан хугацаанд тэтгэвэр авч байгаа нь хуваарилалт шударга бус байгааг харуулж байна. Тэтгэврийн бодлого “хуваарилалтын тогтолцоо”-оос “хуримтлалын зарчим бүхий тогтолцоо” руу шилжиж байгаа хэдий ч хуримтлалын тогтолцоо нь тэтгэврийн шимтгэлийг хийсвэрээр хуримтлуулж байгаа тул жинхэнэ утгаараа бүрэлдэж чадахгүй байна. Түүнчлэн тэтгэврийн хэмжээг тогтоох арга нь иргэний төлсөн шимтгэлээсээ бус, харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаатай байгаа нь тэтгэврийн даатгалын сангийн орлого өсөөгүй байхад зарлага өсөх өөр нэг шалтгаан болж байна.
Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг бууруулахад: Тэтгэврийн даатгалын санд даатгуулагчдын хамрах хүрээг өргөтгөх; үүний тулд, тухайлбал малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан тусгай нэр төрлийн тэтгэврийн даатгал гаргах замаар тэдний даатгалд хамрагдах байдлыг нэмэгдүүлж болох юм. Түүнчлэн нэг хүнд ногдох тэтгэврийн хэмжээг бууруулахгүйгээр тэтгэврийн даатгалын сангийн зарлагыг багасгах; үүний тулд, тухайлбал эмэгтэйчүүдийн тэтгэвэр тогтоолгох насыг аажмаар нэмэгдүүлэх гэх мэт бодлогын зоригтой алхмуудыг хийж болно. Цаашлаад тэтгэврийн хэмжээг тогтоох аргачлалаа сайжруулах; Тухайлбал, тэтгэврийн доод хэмжээг шууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй биш, харин инфляци хэрэглээний үнийн индекстэй уялдуулан тогтоох шаардлагатай

Article Details

Section
Article
Author Biographies

Б. Мөнхжаргал

Магистр, МУИС-ийн ЭЗС-ийн багш

Х. Айжан

МУИС-ийн ЭЗС-ийн хүн ам зүйн 4-р ангийн оюутан