Монгол хүний тэтгэврийн насны судалгаа, прогноз

Main Article Content

Н. Тунгалаг
Ч. Дагвадорж

Abstract

Монгол Улсын нийгмийн даатгалын хуулийн дагуу 60 нас хүрсэн, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хугацаанд төлсөн иргэн тэтгэвэр тогтоолгох эрхтэй боловч ажлын онцлог, хөдөлмөрийн нөхцөл, хүйс зэргээс хамаарч иргэд харилцан адилгүй наснаас тэтгэвэр тогтоолгож байна. Тэтгэврийн насны хүн ам 2000 онд 153.8 мянга байсан бол 2025 он гэхэд 434.5 мянга болж 2000 оноос 1.8 дахин өсөх төлөвтэй байна. Тэтгэврийн насны хүн ам 2000-2005 онд 12.7 хувь өсч байснаа 2010-2020 онд 33.5 хувь болж эрс өсч, харин 2025 онд 29.8 хувь хүртэл бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байна. Иймд Монгол хүний хөдөлмөрийн чадвараа бүрэн ашиглаж чадах насанд нөлөөлж байгаа нийгэм, ахуйн хүчин зүйлийн талаар олон нийтийн санал, бодлыг судлах, тэтгэврийн насны зохистой харьцааны байдал, тэтгэврийн нас болон ажил, мэргэжлийн ялгамжтай байх зарчим үндэслэл, үр дагаврыг тодотгох, санал дэвшүүлэх зорилгоорэнэхүү судалгаа хийгдсэн. Судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүрэг, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Орхон аймгийн нийт 2436 хүн хамрагдав.


Эрэгтэй, Эмэгтэй хүмүүсийн тэтгэвэр тогтоолгох насны тухайд оролцогчдоос авсан судалгааны үр дүн дараах байдалтай байна. Үүнд, эрэгтэй хүмүүсийн тэтгэвэрт гарах тохиромжтой нас 60 гэж судалгаанд хамрагдагчын 67.0 хувь нь, эмэгтэй хүний тэтгэвэрт хамгийн тохиромжтой нас 50-59 гэж 87.6 хувь нь үзжээ. Мөн тэтгэвэр тогтоолгохын тулд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 20-иос дээш жил ажилласан байх ёстой гэсэн нийгмийн даатгалын хуульд заасан заалттай дийлэнхи нь санал нэг байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэвэр тогтоолгох нас ялгаатай байгааг өөрчилж, адил насандаа тэтгэвэр тогтоолгодог болохыг нийт судалгаанд оролцогчдын 37.4 хувь нь зөв, 55.1 хувь нь буруу, 7.5 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Тэтгэврийн насыг ижил байх нь зөв гэж үзсэн хүмүүсийн 20 гаруй хувь нь эмэгтэй хүний ажиллах чадвар эрэгтэй хүнийхтэй адил, эрт тэтгэвэрт гарахаар тэдний орлого буурдаг, ажиллах бололцоог хааснаар тэдний нийгмийн идэвхи багасч байна гэсэн шалтгааныг дурьджээ. Эмэгтэйчүүд гэр орон, үр хүүхдээ асрах ачаалал ихтэй байдаг болохоор эрэгтэйчүүдтэй адилхан наснаас тэтгэвэрт гарах нь буруу гэж нийт оролцогчдын тал хувь нь үзсэн байна. Олон хүүхэдтэй эмэгтэйчүүд тэтгэврийн наснаас 5 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгож байгаа нь зөв гэж нийт хүмүүсийн 86.7 хувь нь үзсэн байна. Харин нийт оролцогчдын 8.4 хувь нь олон хүүхэд гарган эрт тэтгэвэрт гарснаар нийгэм, хамт олноос хөндийрч байна. 9.3  хувь нь орлого олох бололцоог хааж байна гэсэн шалтгаанаар эрт тэтгэвэрт гаргахыг буруу гэж үзэж байна.


Судалгаанаас Нийгмийн даатгалын хуульд заасан 20-иос доошгүй жил ажилласан 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэй хүн тэтгэвэр тогтоолгох эрхтэй байгаа заалт өнөөгийн нөхцөл байдалд нийцэж байна гэж дүгнэж болохоор байна. Мөн эрэгтэйчүүд дунджаар 13.3 жил, эмэгтэйчүүд 15.3 жил тэтгэвэр авч байгаа нь тогтоогдлоо. 2030 оноос хойшхи хүмүүсийн тэтгэвэр авах дундаж хугацаа эрэгтэйчүүд 15.4 жил, эмэгтэйчүүдэд 17.1 жил болно.

Article Details

Section
Article
Author Biographies

Н. Тунгалаг

Доктор (Ph.D), профессор МУИС-ийн ЭЗС-ийн багш

 

Ч. Дагвадорж

Доктор (Ph.D), профессор НХХЯ-ны газрын дарга