Монголын бүс нутгуудын эдийн засаг-статистикийн судалгаа
Main Article Content
Abstract
2001 оны 6 дугаар сарын 14-ний oдрийн Улсын Их Хурлын 57-р тогтоолоор "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор бүс нутгуудийн эдийн засгийг харьцуулан судалж тэдгээрийн ижил төсөөтэй болон ялгаатай талуудыг илрүүлэн судлах шаардлага гарч байна.
Энэхүү судалгаагаар бүсчлэлийн дүнд тэдгээрийн эдийн засгийн ялгаатай байдал, хөгжлийн түвшин ойртох хандлага илэрч буй эсэх, бүсүүдийн эдийн засгийн өсөлтөнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох, эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ ижил, төсөөтэй аймгуудыг тогтоох, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн тусламжтайгаар тэдгээрийг эрэмбэлэх зорилго, зорилтуудыг тавьсан юм.
Улаанбаатараас бусад бүсүүдийг харьцуулан үзэхэд Хангайн болон Төвийн бүсүүдэд эдийн засгийн салбаруудын нэмэгдэл oртгийн 70-95 хувийг үйлдвэрлэж байна. Манай улсын ДНБ-ний 70 гаруй хувийг хөдөө аж ахуй, уул уурхай олборлох үйлдвэр, тээвэр агуулахын аж ахуй, холбоо, бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засварлах үйлчилгээний салбарууд эзэлж байгаа бөгөөд манай орны эдийн засгийн хөгжил мал аж ахуй, бөөний болон жижиглэнгийн худалдаа, тээврийн салбарын хөгжлөөс хамаарч байна. Бүх салбарын нэмэгдэл өртөгт (ХАА-н салбараас бусад) Улаанбаатарын бүс голлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бусад бүсийн үндсэн салбар нь ХАА-н салбар болж байна. Бүс нутгуудын эдийн засгийн хөгжлийн түвшин ихээхэн доогуур байгаа нь бүс нутгуудын эдийн засгийн бүтэц оновчтой биш байгаад оршино. Аж үйлдвэрийн хөгжил бүс нутгуудаар ихээхэн ялгаатай байна. Эдийн засгийн бүсүүдийг эрэмбэлэхэд Улаанбаатар, Төв, Хангай, Зүүн, Баруун гэсэн дараалалтай байна. Монгол Улсын төрөл бүрийн замын сүлжээний хангамжийн өнөөгийн байдлыг бүхэлд нь авч үзвэл бүс нутгуудаар өөр хоорондоо ихээхэн ялгаатай юм. Энэ нь тухайн бүсийн эдийн засгийн хөгжил, үйлдвэрлэлтэй шууд хамааралтай байна.
Бүс нутгуудийн эрэмбийг тогтоовол нэгдүгээр Хангайн бүс, хоёрдугаарт Төвийн бүс, гуравдугаарт Баруун бүс, эцэст нь Зүүн бүс орохоор байна. Судалгаанаас харахад Улаанбаатараас бусад бүх аймаг бүсүүдийн өнөөгийн эдийн засгийн байдал нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилгод хүрэхэд нэлээдгүй саад бэрхшээлтэй тулгарах нөхцөлтэй байна.
Бүсчлэлийн талаар гаргасан тогтоол, үзэл баримтлал бол энэхүү эдийн засгийн бүсчлэлийн эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа хэлбэр бөгөөд түүнийг хэрэгжүүлэхийн тулд тоон болон чанарын судалгаанд үндэслэн эдийн засаг, төсвийн зохистой бодлого явуулах шаардлагатай юм. Түүнчилэн одоогийн засаг захиргааны хувиарлалтыг илүү үр ашигтай байхаар эргэн харж үзэх хэрэгтэй байна.