Статистикийн дунджийн философийн агуулга
Main Article Content
Abstract
Дундаж нь статистикийн онолын үндсэн ойлголтын нэг бөгөөд статистик шинжилгээний анхдагч элемент гэж үзэж болох юм. Аливаа онолд түүнийг байгуулахад баримталсан ойлголт, зарчим, үндэслэл, аксиомууд байдаг.
Дундаж хэмжигдхүүний онолын үндэслэл болон хөгжилд XIX зууны томоохон эрдэмтдийн нэг, Белгийн шинжлэх ухааны академийн гишүүн, Петербургийн шинжлэх ухааны академийн сурвалжлагч-гишүүн Адольф Кетле чухал хувь нэмрийг оруулжээ. Тодорхойлолт ёсоор дундаж үзүүлэлт гэдэг нь судлагдаж буй олонлогийн сонирхож буй шинж тэмдгийн тухайн түвшингүүдийн нэгтгэсэн үзүүлэлт бөгөөд тодорхой байрлал, цаг хугацааны нөхцөл дэх олонлогийн нэгжийн хэвшмэл түвшинг тусгадаг.
Статистикийн дунджийн тодорхойлолт болон философийн ойлголтуудыг харьцуулан харахад статистикийн дундаж нь философийн мөн чанар, статистикийн тухайн үзүүлэлт нь философийн үзэгдэл, статистикийн ерөнхий шалтгаан нь философийн зайлшгүй, статистикийн санамсаргүй буюу хувийн шалтгаанууд нь философийн санамсаргүйн тухай тодорхойлолтуудтай нийцэж байна. Статистикт дунджаас гадна бусад олон үзүүлэлтүүд философийн агуулгатай байдаг.