Аймгуудын хүн амын нас баралтын бодит түвшинг үнэлэх нь
Main Article Content
Abstract
Энэхүү шинжилгээгээр Монгол улсын хүн амын нас баралтын 1997 болон 2004 оны түвшинг аймгуудаар зэрэгцүүлэн үнэлгээ хийв.
Монгол улсын нийт хүн гуравны нэг нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын хүн амын насны бүтцийг стандарт болгон авч, 1000 хүн амд ногдох нас баралтын стандартчилагдсан коэффициентийг эрэмбэлж үзэхэд Өмнөговь (8.6), Дундговь (8.6), Хэнтий (8.1), Төв (8.0) аймгуудад хамгийн өндөр, Дархан-Уул (6.2), Орхон (6.4), Завхан (7.2) аймгуудад хамгийн бага гарч байна. Харин 2004 оны байдлаар буюу 7 жилийн дараа аймгуудын нас баралтын түвшин ерөнхийдөө нэлээд буурчээ. Стандарчлагдсан НБЕК буюу нас баралтын ерөнхий түвшин Дундговь (6.8), Тoв (6.6) аймгууд болон Улаанбаатар (6.6) хамгийн өндөр, Баян-aлгий (5.6), Увс (5.7), Говь-Алтай (5.8) аймгуудад хамгийн бага байна.
Монгол улсын 1000 хүн амд ногдох нас баралтын түвшин 1997 онд 7.6 байснаа 2004 онд 6.5 болж 1.1 пунктээр буурчээ. Энэхүү бууралтад нас баралтын түвшин 73.6 хувийн, хүн амын насны бүтэц 26.1 хувийн нөлөөг тус тус үзүүлсэн байна. Бусад аймгуудтай харьцуулахад Дорнод, Хөвсгөл, Говь- Алтай, Баянхонгор аймгууд өнгөрсөн 7 жилийн хугацаанд нас баралтын ерөнхий түвшингээ бодиттой бууруулж чаджээ.
Шинжилгээгээр гарсан үр дүн нь үндэсний түвшинд аймгуудын хүн амын эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийн системийн үйл ажиллагааг харьцуулан стандартчлалын аргыг ашиглан, зэрэгцүүлэлт хийж бодит байдлыг илүү гаргаж, үнэлгээ хийх боломжтой болохыг харуулснаараа ач холбогдолтой юм.