Шилжин суурьшигчдад зориулсан оюуны хөрөнгө оруулалт, түүний үр дүн

Main Article Content

А. Солонго

Abstract

НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байгууллагаас Зориг сантай хамтран шилжин суурьшигч залуу эмэгтэйчүүдийг чадваржуулах замаар тэдний өрхийн амьжиргааг дээшлүүлэх болон хот, суурин газарт дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор шилжин суурьшигчдад зориулсан “Шилжин суурьшигч тантай хамт” туршилтын төслийг 2005 онд нэг жилийн хугацаатай хэрэгжүүлсэн юм. Уг төсөлд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 12-16-р гэр хорооны нийт 280 хүн хамрагдсны 92.9 хувь нь сургалтын өмнөх судалгаанд, 74.3 хувь нь сургалтын дараах судалгаанд тус тус хамрагдлаа.
Төсөлд хамрагдагсдын дийлэнх нь “Шилжин суурьшигч тантай хамт” төсөлд хамрагдснаар өөрийн хүсч байсан үр дүндээ хүсч чадсан бөгөөд сэтгэл хангалуун байна. Төсөлд олон ам бүлтэй, шилжин ирсэн, өрхийн гишүүдийн ажил эрхлэлт нь доогуур, ядуу өрхийн гишүүд сонгогдсон байна. Мoн төсөлд хамрагдагсад нь залуу насны, сүүлийн таван жилд хотод шилжин ирсэн бүрэн дунд ба түүнээс доош боловсролтой байв. Төсөлд хамрагсдын гуравны нэг нь шилжин ирэлтээ бүртгүүлээгүй байсан ба гол шалтгаан нь орон нутагтаа шилжүүлэг хийлгээгүй, бичиг баримтын зөрчилтэй, санхүүгийн боломж муу байгаагаас болжээ. Харин төсөлд хамрагдснаар тэдний гуравны нэг нь шилжин ирэлтээ бүртгүүлсэн байна. Бүртгэлд хамрагдаж чадснаар өөрийн хорооны харъяа өрхийн эмнэлгээр өрхийн гишүүд нь үйлчлүүлдэг болсон хүмүүсийн хувийн жин өсчээ. Мөн төсөлд хамрагсдын өрхийн орлогод өөрчлөлт гарчээ. Гэхдээ төсөлд хамрагдсны дараа хүмүүсийн ердөө тал хувь нь ажил идэвхтэй хайсан байна. Түүнчлэн, тэдний хууль эрх зүйн мэдлэг, эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг эрс дээшилсэн байна. Төсөлд оролцсноор эрүүл мэндийн даатгалд хамрагдах, энэ чиглэлээр өөрийн ойр дотны хүмүүстээ зөвлөх, даатгалаа хөөцөлдөж хийлгэх мэдлэг нь ч дээшилжээ. Өрхийн сургууль завсардсан хүүхдүүдээ сургуульдаа эргэн сурахад нь нөлөөлөх, ажилгүй насанд хүрэгчдийг ажилтай болгоход нь ч төсөлд оролцогчид нөлөөлж чаджээ. Сургалтад хамрагдснаар шилжин иргэчид найз нөхөдтэй болж, бие биедээ туслах, ажил хөдөлмөр хийх боломж нь нэмэгдэн, өөртөө итгэх итгэлтэй болсон байна.
Олон нийтийн оролцоог идэвхжүүлсэн энэхүү төслийн үйл ажиллагааг цаашид үргэлжүүлэн, бусад дүүрэг хороодод зориулсан загвар төсөл болгон ашиглах; мэргэжлийн сургалтын чиглэлүүдийг өргөтгөж, ажлын байранд дадлага хийх боломжийг нь нэмэгдүүлэх; хууль эрх зүй, эрүүл мэндийн мэдлэг, өрхийн амьжиргааг дээшлүүлэх арга зүйн асуудлаар мэдээ, мэдээллийг хангалттай хэвлэн нийтлүүлж, олон нийтэд тараах, ухуулан сурталчлах ажилд хорооны түвшинд нэгэнт бий болсон иргэдийн сүлжээг ашиглах зэрэг үйл ажиллагааны зөвлөмжүүдийг судалгааны үр дүнд суурилан санал болгожээ.

Article Details

Section
Article
Author Biography

А. Солонго

МУИС-ийн ЭЗС-ийн багш, докторант