Ариутган шүүж хөрвүүлэх ёсон: Будон “Чойнжин”-ийн тод үсгийн текстийн бий болсон явц
Abstract
Ойрын жилүүдэд дэлхийн аль нэг газраас тод үсгийн ховор нандин дурсгалууд шинээр олдсоор байна. Тэдгээр шинэ дурсгалт бичгүүд нь тод үсгийн сурвалж бичгийн судлалын хөгжлийг урагч ахиулах нь лавтай. Ойрд бидний олж мэдсэн тод үсгийн чухал сурвалж бичгийн нэг бол Будон Ринбүүчигийн “Чойнжин” болно (доош Будон “Чойнжин” хэмээн товчилно). 2021 оны цагаан сарын үес, миний сайн найз Монгол улсын Улаанбаатар хотын Биндэрсайханы Амарсанаа өөрийн цуглуулгад байгаа тод үсгийн нэгэн судрын цөөн гэрэл зургийг надад ирүүлсэн бөгөөд мөн судрын нэр, дуртгагч, орчуулагч зэрэг бодитой асуудлуудын тухай лавлан асуусан юм. Уг судар төвөд гарчигтай, 11×41.5 см, 319 хуудас (хуудасны хоёр тал), хулсан үзэг, эхний хуудасны эхлэлтийн мөргөлийн үгийг бэх, шунх алаглуулан бичсэнийг гаргавал бусад нь цөм хар бэхээр бичсэн байна.
Төвөдөөр бичсэн номын нэрийг доор ярих мэт монгол хэлнээ орчуулбал мадаггүй Будон “Чойнжин” болох нь тодорхой байна. 1975 онд Монгол улсын эрдэмтэн Х.Лувсанбалдан “Тод үсэг, түүний дурсгалууд” хэмээх номдоо Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн тод үсгийн хөмрөгт байсан Будон “Чойнжин”-ийн нэгэн эхийг өөрийн бүтээлдээ бүртгэн оруулахын зэргэд орчуулагч, дуртгагч нарыг дурдсан ба төгсгөл шүлгийг нь дагалдуулан сийрүүлсэн гэдэг боловч эрдэмтдийн анхаарлыг төдий л татсангүй бөгөөд ялангуяа түүнийг Будон “Чойнжин” мөн гэдгийг өдгөө хүртэл бараг мэдээгүй байсаар.
Будон “Чойнжин” болбоос Төвөдийн шашин дэлгэрсэн алдарт түүхийн зохионгуй юм. Түүний монгол орчуулгын тухай мэдээнүүд шинэ зууны эхний үеэс сая бага сага мэдэгдэж байна. Төвийн Үндэстний Их Сургуулийн судлаач С.Сампилноров багштаны хувийн хадгаламжид Будон “Чойнжин”-ийн цорын гагц худам орчуулгын текст байсан бөгөөд Өлзий профессор 2004 онд “Бурхан шашны соёл түүх” сэтгүүлийн тавдугаар хугацаанд “Ойрын жилүүдэд илрүүлсэн ‘Будон шашны түүх’-ийн монгол орчуулгын тухай үнэлэлт” хэмээх өгүүлэл нийтлүүлж, судрын хэмжээ 5.2×40.7 см, хулсан үзгийн бичмэл болох зэрэг сударт холбогдох үндсэн асуудал; монгол орчуулгын онцлог; орчуулагч нь баруун монгол хүн болох ба орчуулсан цаг нь XVIII зуунаас өмнө байх тухай; хадгалагч ба хадгалагчийн гарт уг судар орсон шалтгаан зэрэг нэлээд асуудлыг авч үзжээ. Угтаа Будон “Чойнжин” болбоос монгол орчуулгын түүхэн дэх чухал сурвалжуудын нэг бөгөөд түүнийг олон улсын монгол судлалынханд алдаршуулан танилцуулсан хүн бол Өлзий профессор юм. Доор юуны өмнө зохиогч Будон Ринбүүчи ба түүний “Чойнжин”-ийн тухай танилцуулан, дараа нь түүний дуртгагч, орчуулагч, орчуулсан цаг жич худам, тод хоёр текстийн харьцаа зэрэг асуудлын тухай өгүүлсүгэй.