МУИС-ИЙН ХЭЛНИЙ МЭРГЭЖЛИЙН БУС САЛБАРУУДЫН АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛД
Abstract
МУИС-ийн хэлний мэргэжлийн бус ангиудад англи хэлний хичээлийг сургалтын төлөвлөгөөний нийтлэг шаардлагын дагуу нэг оюутан нийт дөрвөн улирал буюу хоѐр хичээлийн жилд 256 цаг (8 багц цаг) судлах ѐстой. Үүнээс ерөнхий англи хэлийг долоо хоногт 4 цагаар нийт 2 улирал, мэргэжлийн англи хэлийг мөн долоо хоногт 4 цагаар 2 улирал дараалан үздэг бөгөөд ЭЗС дээр энэ хөтөлбөрийг мөрдөж байна. 2010-2011 хичээлийн жилийн хоѐрдугаар улиралд ЭЗС-ийн 1,2-р ангийн нийт 352 оюутнуудын дунд санал асуулга (needs analysis) явуулж одоо мөрдөж байгаа англи хэлний сургалтын хөтөлбөрийг шинэчилж боловсронгуй болгох шаардлага байгаа эсэхийг голлон тодруулахыг зорилоо. Судалгаанд оролцсон оюутнуудын 71,5% нь сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн санал өгчээ. Ингээд уг судалгаанд үндэслэн суралцагчдын зорилго, хэлний хандлага, тэдний сургалтаас хүлээж байгаа хүлээлт зэрэг хэрэгцээ шаардлагад тулгуурлан англи хэлний хичээлийн хөтөлбөрийг хэрхэн сайжруулах шаардлагатай байгаа талаар хөндөхийг хичээлээ. Англи хэлийг хоѐрдогч хэл болгон судалдаг орнуудад хичээлийн хөтөлбөрийг аль болох боловсронгуй болгох ажлуудыг тогтмол хийдэг байна. Англи, Америк зэрэг орнуудын их дээд сургууль, коллежуудад англи хэлийг хоѐрдогч хэл болгон судалж байгаа оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрүүд байх боловч энэ нь ихэвчлэн олон үндэстний суралцагчидтай ангид зориулагдсан байдаг нь манай нэг хэлний суралцагчидтай ангиудад тэр болгон тохирохгүй байдаг. Харин Хятад зэрэг азийн орнуудад дээд боловсролын сургалтанд зориулагдсан англи хэлийг эрчимтэй сурах сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан нийгмийн хэрэгцээ шаардлагад тохируулан сайжруулж ирсэн байна. Ялангуяа Хятад улсад дээд боловсролын түвшний англи хэлний үндэсний хөтөлбөрийг боловсруулан мөрддөг, түүнийгээ
суралцагчид болон нийгмийн шаардлагад нийцүүлэн өөрчлөн сайжруулж байдаг тул хятад оюутнуудын англи хэлний мэдлэгийн түвшин сүүлийн жилүүдэд эрс дээшилж байгаа талаар хийсэн судалгаа олон байна. Иймд МУИС-ийн хэлний мэргэжлийн бус ангиудын англи хэлний сургалтын хөтөлбөрийг сайжруулж нэгдсэн стандарт гаргахаар ГХСТ-ийн багш нарын баг ажиллаж байгаа бөгөөд энд хятадын үндэсний хөтөлбөрөөс санаа авч тусгах зүйлсийг хөндлөө.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.