МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ТӨРӨЛТИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ШИНЖИЛГЭЭ
Main Article Content
Abstract
Зүүн Азийн бүс нутгийн орнуудын төрөлт хүн амын тоо эргэн нөхөгдөх түвшнээс доогуур түвшинд хүрч буураад байна. БНСУ-д нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо 0.8 болж дэлхийн хамгийн бага төрөлттэй орны тоонд орох болсон. БНХАУ-ын хувьд сүүлийн 20-25 жилд төрөлтийн түвшин эргэн нөхөгдөх түвшнээс доогуур болж, одоогийн байдлаар нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо 1.1 байна. Харин Монгол Улсыг Зүүн Азийн бусад оронтой харьцуулбал төрөлтийн түвшин хамгийн өндөр буюу нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо 2.7 байна. Монгол Улс бүс нутагтаа төрөлтийн түвшин эргэн нөхөгдөх түвшнээс өндөр байгаа ганц орон төдийгүй төрөлтийн түвшин 2005 оноос хойш өсөлттэй байгаа нь маш сонирхолтой. 2005 онд нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо 1.95 болж хамгийн бага түвшинд хүрсэн ч түүнээс хойш эргэн нэмэгдсэн ба энэ өсөлт сүүлийн жилүүдэд хадгалагдаж байна. Илтгэлээр төрөлтийн өөрчлөлтийн зарим шинжилгээ хийж, төрөлтийн өөрчлөлтийг тайлбарлахыг зорилоо. Шинжилгээгээр i) Монгол Улсын хүн амын төрөлтийн түвшин 1990 оноос 2005 оныг хүртэл огцом буурсан нь темпо өөрчлөлтийн нөлөөнд байсан, ii) сүүлийн жилүүдийн төрөлтийн өсөлт хэвийн түвшиндээ шилжиж темпо өөрчлөлтийн нөлөөгүй болж байна, iii) хожуу төрөлт явагдаж байгаа ба энэ нь төрөлтийн “тоо хэмжээ” (quantum) –д нөлөөлж байна, iv) төрөлт ойрын ирээдүйд “бага” түвшинд хүрч буурахгүй зэрэг үр дүн гарлаа.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.