ЖЕНДЭРИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТ БА СУРАГЧДЫН МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫГ ФЕМИНИСТ ОГТЛОЛЦЛЫН ҮҮДНЭЭС ШИНЖЛЭХҮЙ
Main Article Content
Abstract
Судалгаагаар сургуулийн орчин дахь жендэрийн хэвшмэл ойлголт сурагчдын мэргэжил сонголтод хэрхэн нөлөөлж байгааг Улаанбаатар хот, Говь-Алтай аймгийн улсын, хувийн, олон улсын сургуулиудын хүрээнд феминист огтлолцлын үүднээс шинжилсэн. Чанарын судалгааны фокус бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагын аргаар өгөгдөл, амьдралын туршлагын мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээг MAXQDA-2022 программаар хийсэн. Судалгаанд 9-12 ангийн 58 сурагч, 11 асран хамгаалагч, эх, эцэг, багш, нийгмийн ажилтан, бодлого хэрэгжүүлэгч, төрийн бус байгууллагын төлөөлөл хамрагдсан. Сурагчдын мэргэжил сонголтод нөлөөлж буй тэргүүлэх хүчин зүйлсэд сургуулийн орчноос багш нарын заах арга барил, харилцаа, жендэрийн хэвшмэл хандлага, гэр бүл, нийгмийн зүгээс жендэрийн хэвшмэл ойлголт багтаж байна. Төвөөс алслагдах тусам сурагчдын сонгох мэргэжлийн төрөл цөөн байна. Зарим охид өндөр орлоготой, эрх мэдэл бүхий ажил мэргэжил сонирхох, эсхүл жендэрийн хэвшмэл ойлголтыг сөрж мэргэжил сонгож буй байдал ажиглагдсан. Күийр[1] сурагчид сургуулийн орчинд багш нар болон тогтолцооноос үүдсэн ялгаварлал, бэрхшээлтэй тулгарч байгаа нь мэргэжил сонгох хүртлээ суралцах эрхээ эдлэхэд нь саад болж байгаа ч зарим сургуулийн багш удирдлагууд күийр сурагчдад ялгаварлал багатай орчныг бүрдүүлж чадаж байна. Күийр сурагчдад тулгарч буй нийгмийн ялгаварлал нь тэдний заримыг нийгмийн энэ асуудлыг бууруулахад чиглэсэн мэргэжил рүү чиглүүлж байна. Иймд дунд сургуулийн хичээлийн агуулгад мэргэжил сонголтын хичээлийг сэргээх, багш нар, нийгмийн ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчдыг мэргэжлийн нарийвчилсан мэдлэг, мэдээлэлтэй болгох, тэдний жендэрийн хэвшмэл хандлагыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай байна.
[1] Хүйсийн баримжаа, илэрхийлэл болон, аль эсвэл бэлгийн чиг баримжааны хувьд давамгайлагч соёл, нийгмийн хэм хэмжээнд багтдаггүй хүмүүсийг нэрлэдэг ерөнхий нэр томьёо.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.