Банкны мэдээллийн системийн онцлог асуудлууд ба Монголын арилжааны банкуудын туршлага, цаашдын хандлага

Main Article Content

П. Оюунбилэг 

Abstract

Барууны орнуудад маш өндөр үр өгөөжтэй иж бүрэн технологижсон банкны системуудийг бий болгож, нэвтрүүлж чадсан байдаг ч энэ нь зах зээлийн үнэ өртөг өндөр, үйл ажиллагааны хувьд нэлээд томоохон банкуудад хэрэглэхэд зохимжтойгоор бүтээгдсэн байдаг онцлогтой. Харин шилжилтийн эдийн засгийн үеийн банкуудад хэрэглэгдэж буй банкны автомажуулсан системүүд нь барууны орныхныг бодвол нилээд хоцрогдсон, явцуу хүрээний үйл ажиллагааг гүйцэтгэх чадвартай, энэ хирээрээ үнэ өртөг нь хямд байдаг байна. Ийм системүүд нь бүхэлдээ Банкны нягтлан бодох бүртгэл ба Зээлийн үйл ажиллагааг хангаж чаддаг боловч стратегийн удирдлага, эрсдлийн удирдлага, хэрэглэгчийн харилцааны удирдлага болон удирдлагын шийдвэр дэмжих тал дээр хангалтгүй байдаг. Гэхдээ жижиг арилжааны банкууд гол төлөв банкны автоматжуулсан системийн өөрсдөдөө тохирсон хувилбаруудыг шат дараатай зохион бүтээж хэрэглэх нь үр дүнтэй байдаг сайн талтай. Банк үйл ажиллагааны хувьд ямар ч байлаа гэсэн мэдээллийн технологийг ямар нэг хэмжээнд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага орчин үед хурцаар тавигдах болжээ. Энэ бүгдээс үндэслээд сүүлийн үед ихэнх банкууд Мэдээллийн технологийн алба бий болгож, хүний нөөцийн бодлогодоо тусгах асуудлыг нилээд чухалчлан үздэг болсон.


Монгол Улсын арилжааны банкуудын мэдээллийн технологийн хөгжлийн өнөөгийн байдалд хийсэн энэхүү судалгаагаар олон улсын стандартад хэр нийцэж байгаа, мэдээллийн технологийг банкууд ямар арга хэлбэрүүдээр бүтээж ашигладаг, банкуудад ашиглагдаж буй мэдээллийн системийн цар хүрээ, программын болон технологийн шинэчлэл хир хийгддэг, интер банкны технологи хөгжиж байгаа байдал, банкны мэргэжилтнүүдийн мэдээллийн технологийн мэдлэгээ дээшлүүлдэг байдал, банкны мэдээллийн систем нь банкны эрсдлийн удирдлага болон удирдлагын шийдвэр дэмжих мэдээллээр хир хангаж чадаж байгаа зэргийг илтгэн харуулахыг зорьсон юм.


Судалгаанд арилжааны 13 банкыг хамруулсан бөгөөд манай арилжааны банкуудын ихэнх нь Интер банкны системийг нэвтрүүлэх эхлэл суурийг хэдийн тавьсан боловч энэ нь харилцагч мэдээллээ харах, зарим нэг гүйлгээ хийх төдийхнөөр л хязгаарлагдаж байна. Зээл олгох, хадгаламж татах зэргээр банкны үндсэн үйл ажиллагааг электрон байдлаар хийх нь лараагийн чухал зорилт болох ёстой. Барууны орнуудын туршлагаас харахад Интер банкны зээлийн хүү бага, хадгаламжийн хүү өндөр байдаг нь Мэдээллийн Технологийн хэрэглээний зардал хэрэглэгдэх тусмаа буурч байдаг онцлог шинж чанартай холбоотой байдаг болохыг зөвлөж байна.

Article Details

Section
Article
Author Biography

П. Оюунбилэг 

Доктор, Дэд профессор, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Математик, компьютерийн тэнхмийн багш