Монгол Улсад дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцож буй статистикийн аргачлалыг боловсронгуй болгох зарим асуудал

Main Article Content

Б. Батмөнх 

Abstract

ДНБ нь улс орны эдийн засгийн цар хэмжээ, түүний өсөлт, ард түмний амьжиргааны түвшинг илэрхийлдэг макро эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлтийн хувьд их бодитой, үнэн зөв тооцогдсон байх шаардлагатай. ДНБ-д харьцуулсан олон үзүүлэлтийг төрийн бодлого боловсруулахад өргөн ашигладаг. Иймд ДНБ-ийг олон улсын статистикийн стандартын дагуу үнэн зөв тооцох, олон улсын хэмжээнд тогтоосон арга зүйг хэрэглэх асуудал манайд чухал асуудлын нэг болоод байна. Энэ нь урьд өмнө мэргэжлийн цөөн хүмүүсийн дунд яригддаг боловч ил тод хөндөгдөөгүй явсаар ирсэн сэдэв юм.


 


Энэхүү судалгааны ажилд Монгол Улсын ДНБ-ийг тооцох арга зүйн хүрээнд тулгамдсан асуудлыг хөндөж, ДНБ-ий тооцоог сайжруулах, олон улсын аргачлалд нийцүүлэх талаар хэд хэдэн асуудлыг гаргаж тавьсан. Тодруулбал, төлийг мал аж ахуйн бүтээгдэхүүнээр шууд авдгаас болж, мал өссөн жил улсын хэмжээний нийт үйлдвэрлэлтийн хэмжээ болон хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг шууд хамааралтай даган өсч байна. Иймд, малын өсөлт үржилтийн бүтээгдэхүүнийг цаашид мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэлтийн тооцоонд оруулахдаа зарим өөрчлөлт оруулах, тухайлбал, төлийг шууд үнэлж бүтээгдэхүүнд оруулж ирснийг зогсоох, өмнөх онуудын тооцооноос түүнийг хасаж, засвар өөрчлөлт оруулах; нийт малыг дуусаагүй үйлдвэрлэлийн оны эхний эсвэл эцсийн үлдэгдэлийн өөрчлөлт оруулах, нийт малыг дуусаагүй үйлдвэрлэлийн оны эхний эсвэл эцсийн үйлдэгдэлийн өөрчлөлт хэлбэрээр бүтээгдэхүүний тооцоонд тусгах, мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэлтийг голлон мал, тэжээвэр амьтдын гаралтай бүтээгдэхүүн болох мах, сүү, өндөг, ноос, ноолуур, арьс, шир, зөгийн бал гэх мэт өрхийн аж ахуйн дотоод хэрэгцээнд ашигласан болон зах зээлд нийлүүлсэн эцсийн бүтээгдэхүүний хэмжээгээр тооцдог зарчимд шилжихийг санал болгосон.

Article Details

Section
Article
Author Biography

Б. Батмөнх 

Доктор, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Статистикийн тэнхимийн эрхлэгч