Дэлхийн хүний хөгжлийн илтгэл, үүсэл хөгжил

Main Article Content

Б. Бат

Abstract

Дэлхийн хүний хөгжлийн илтгэл нь 1990 оноос эхлэн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Пакистаны нэрт эдийн засагч Махбуб Улл Хакийн санаачилга, хүчин зүтгэлээр хэвлэгдсэн юм. Чухам энэ үеэс хүний хөгжлийн үзэл баримтлал дэлхий даяар тархах үндэс суурь тавигджээ. 1990-2006 оны илтгэлүүдэд тусгасан зүйлийг товчоор илэрхийлбэл:


1990 он: Эдийн засгийн өсөлт болон хүний хөгжил хоёрын хоорондын харилцан хамаарлыг анх судлан гаргаж, хөгжиж буй орнуудын хөгжлийн стратеги төлөвлөгөө нь дээрх чанаргүй өсөлтөөс зайлсхийж чанартай өсөлтийн бий болгоход чиглэгдэх ёстойг зөвлөмж болгосон байдаг.


1991 он: Хүний хөгжлийн асуудлыг санхүүжүүлэх механизмыг дэлгэрэнгүй авч үзжээ. Энэхүү илтгэлийн гол дүгнэлт нь төсвийн зарлагын бүтцийг өөрчилснөөр анхдагч нийгмийн үйлчилгээг санхүүжүүлэх хангалттай нөөц бололцоо байгааг гаргаж тавьсанд оршино.


1992 он: Зах зээлийн боломжийг хүртэх тэгш оролцоог иргэл хоорондын болон улс орон, бүс нутаг, глобал түвшинд судалж үзжээ.


1993 он: Засаглал дахь иргэдийн оролцооны талаар тусгайлан авч үзсэн. Засаглал дахь иргэдийн оролцог сайжруулахын тулд хэрэгжүүлэх хоёр төрлийн стратегийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид зөвлөмж болгосон юм.


1994 он: Хүний аюулгүй байдлын шинэ тодорхойлолтын дагуу хийгдсэн судалгаа шинжилгээг нэгтгэн дүгнэсэн юм. Хүний аюулгүй байдалд нөлөөлж хүчин зүйл тус бүрийн хандлага, цаашид улс орнууд бодлогын хувьд ямар арга хэмжээ, стратеги баримтлах талаар ерөнхий зөвлөмжүүдийг тусгасан байна.


1995 он: Хүний эрх, тэгш бус байдал, ялангуяа жендерийн тэгш бус байдлын талаар гүнзгийрүүлэн авч үзжээ. Түүнчлэн жендерийн эрх тэгш байдлыг тодорхойлогч жендерийн хөгжлийн индекс, мөн эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн шийдвэр гаргах процесст оролцох оролцоог харуулсан жендерийн статусын индексийг тус тус тооцолж эхэлсэн юм.


1996 он: Эдийн засгийн өсөлт болон хүний хөгжлийн хоорондын хамаарлыг гол судлагдахуун болгож, өсөлт болон хөгжлийн хоорондын хамаарал сул байгаа шалтгааныг өсөлтийн 5 шинжээр тодорхойлсон.


1997 он: Ядуурлыг бууруулахад туслах эдийн засгийн бодлогууд болон эдийн засгийн зохицуулалтын талаар авч үзэн, хамгийн гол нь бид юу хийх ёстой болон хийх ёсгүйг тодорхойлох, улс төрийн бодлого ихээхэн ач холбогдолтой гэдгийг дурдсан.


1998 он: Өнөөдрийн оршин байгаа тэгш бус – хэрэглээний хандлага, хэлбэрүүд болон түүний үр дагаврын талаар авч үзсэн. Ялангуяа зохисгүй хэрэглээ нь байгаль орчны хор хөнөөлийг уриалан дуудагч болж байгаа бөгөөд ядуу буурай орнуудын хүн амд илүү дарамтыг бий болгож байгааг харуулжээ.


1999 он: Хүний хөгжлийн асуудлыг даяаршилтай холбож судалсан. Даяаршлын үйл явц нь орлого, ажил эрхлэлт, боловсрол болон бусад хүчин зүйлст хэрхэн нөлөө үзүүлж байгааг нарийвчлан судалжээ.


2000 он: Өргөн хүрээтэйгээр хүний эрх болон хүний хөгжил хоорондын холбоо хамаарлыг дахин судлан тодорхойлжээ. Улс төрийн болон иргэний эрх чөлөөг дэмжсэн бодлогуудыг түлхүү боловсруулж гаргахыг эрх баригчдад зөвлөмж болгосон.


2001 он: Технологийг хүний хөгжлийн асуудлуудтай холбон судалжээ. Технологи нь хүний хөгжлийн сайжруулж урамшуулахад хэрэглэгдэх хэрэгсэл болохоос орлогыг өсгөх хэрэгсэл бус гэдэг талаас нь гаргасан.


2002 он: Хүний хөгжилд нөлөөлөх ардчилсан засаглалын шинж чанарыг засаглалын бүхий л түвшинд, тэрчилэн дэлхийн засаглалын түвшинд тодорхойлж, ядуурал, хүний хөгжилд ямар дам болон шууд нөлөө үзүүлж болохыг баримт судалгаагаар харуулсан.


2003 он: Мянганы хөгжлийн зорилтыг хэрхэн хангах талаарх зөвлөмжийг өөртөө агуулжээ.


2004 он: Соёлын ялгаатай байдал болон соёлын эрхийн асуудлыг хөндөу гаргасан. Дээрх асуудлыг шийдэх хамгийн оновчтой бодлогын талаарх хувилбаруудыг дэвшүүлэн тавьснаараа нилээд шинэлэг болжээ.

Article Details

Section
Article
Author Biography

Б. Бат

Доктор (Ph.D), профессор МУИС-ийн ЭЗС-ийн багш