Эхийн эндэгдлийн өнөөгийн байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйл

Main Article Content

Г. Чойжамц
Т. Гантуяа
Д. Энхжаргал

Abstract




Эмэгтэй жирэмсний хугацаанд болон төрөх үедээ эсвэл төрснөөс хойш 42 хоногийн дотор жирэмслэлтийн байрлал, үргэлжилсэн хугацаанаас үл хамааран жирэмслэлт, төрөлт болон түүнийг удирдахтай холбогдож хүндэрсэн ямар нэгэн шалтгаанаар нас барахыг эхийн нас баралтанд тооцдог.


Энэхүү судалгаа нь 2003 онд улсын хэмжээнд нийт эндсэн эхийн эндэгдлийн шалтгаан, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, Монгол улсад эхийн эндэгдлийг бууруулах стратегийг хэрэгжүүлэх зорилгоор хот, хөдөө орон нутагт хийж буй ажлын үр дүнд үнэлгээ өгөх зорилготой юм. Улсын хэмжээнд 2003 онд эндсэн 48 (нийт эндсэн эхийн 98 хувь) эхийн Эхийн эндэгдлийг мэдээлэх маягт, төрөлтийн түүх, жирэмсний хяналтын карт, эхийн эндэгдлийг магадлан хэлэлцэх комиссын хурлын протоколтой нэг бүрчлэн танилцаж, тусгайлан боловсруулсан асуумжийн дагуу кодлож, компьютерт оруулан, статистик боловсруулалт хийсэн.


Эндсэн эхчүүдийн нас, ам бүл, жирэмслэлт, төрөлтийн тоо, эмнэлэгт хэвтсэн ор хоног, цагийг статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт, стандарт хазайлт, дунджийн стандарт алдаа зэрэг үзүүлэлтүүдээр тооцож, Стьюдентийн Т шалгуураар үзүүлэлтийн магадлалыг тодорхойлсон. Олон хувьсагчийн корреляци болон регрессийн шинжилгээ хийж үзэхэд дараахь гол үр дүн гарсан байна.


Жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэгээр эх эндэх нь эхийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байна Зарим аймаг, хотын эмч мэргэжилтний хариуцлага, мэргэжлийн мэдлэг ур чадвар шаардлагын хэмжээнд хүрээгүйгээс Эрүүл мэндийн яамнаас гаргасан тушаал, журам, удирдамжийн хэрэгжилт хангалтгүй байна. Эмэгтэйчүүдийн нийгмийн байдал болон амьдралын нөхцөл, алслагдсан байдал зэрэг нь жирэмсэн эхчүүд эмнэлгийн тусламжийг оройтож авах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн болон эсэн мэнд амаржихуйн тусламж үйлчилгээ авах боломж муу байгааг харуулж байна. Зарим аймагт эхийн эндэгдэл гараагүй амжилт хэдэн жилээр тогтвортой хадгалагдаж байгаа нь бусдад дууриалал болж байгаа төдийгүй эхийн эндэгдлийг бууруулах стратеги хэрэгжих бүрэн боломжтойг нотлож байна.




Article Details

Section
Article
Author Biographies

Г. Чойжамц

Эх нялхасын эрдэм шинжилгээний төв

Т. Гантуяа

Эх нялхасын эрдэм шинжилгээний төв

Д. Энхжаргал

Эх нялхасын эрдэм шинжилгээний төв