Улаанбаатар хотын оёдлын үйлдвэрүүдэд хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн хөдөлмөрийн нөхцөл байдлын судалгаа
Main Article Content
Abstract
Манай улсын хувьд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар багагүй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ба тэдгээрт шаардлагатай тоо мэдээллүүд нь ихэвчлэн албан бус салбарыг хамарч байна. Хэдийгээр хүүхдийн хөдөлмөр албан бус салбарт төвлөрч байгаа ч албан сектор буюу үйлдвэр, аж ахуйн нэгж газруудад хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн ажлын нөхцөл байдал ямар байгаа болон тэнд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэх талаархи тоо мэдээлэл хомс байна.
Иймд энэхүү судалгааны ажил нь албан секторын нэгээхэн хэсэг болох оёдлын үйлдвэрт ажил эрхэлж буй хүүхдүүдийн ерөнхий шинж байдал, ажил эрхлэлтийн шалтгаан, хөдөлмөрийн нөхцлийг судалж, тэнд хүүхдийн эрхийн асуудал хөндөгдөж байгаа эсэхийг тодруулах зорилготой юм.
Судалгаанд оёдлын үйлдвэрт ажиллаж буй 123 хүүхэд хамрагдсаны арван хүүхэд тутмын ес нь эмэгтэй хүүхдүүд байлаа. Хүүхдүүдийн насны дундаж 15.9 байв. Нийт хүүхдүүдийн гуравны нэг нь сургууль завсардсан ба амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн хүүхдүүд хөдөлмөр эрхлэх хандлагатай байна. Оёдлын үйлдвэрт ажилладаг хүүхдүүд голдуу цэвэрлэгээ, индүү, оёдол, туслах, савлагч, зөөгчийн ажлуудыг хийж байна. Хүүхдүүдийн ажлын төрлийг хүйсээр авч үзэхэд эрэгтэй хүүхдүүдийн талаас илүү хувь нь индүүчин болон зөөгчийн ажил хийдэг бол охидууд голдуу оёдол, индүү, цэвэрлэгээний ажил хийдэг байна. Харин насны бүлгийн хувь хүүхдүүдийн нас ахих тусам цэвэрлэгээний болон зөөгчийн ажил хийдэг хүүхдүүдийн хувийн жин буурч, харьцангуй хүндэвтэр, ур чадвар шаардсан (оёдол, индүү гэх мэт) ажлуудыг хийдэг хүүхдүүдийн хувийн жин нэмэгдэж байлаа. Хүүхдүүд сард дунджаар 35552 төгрөгийн цалин, хөлс авдаг бөгөөд ажлын төрлөөс хамаараад авч буй цалингийн хэмжээ, түүнээс авч буй сэтгэл ханамж нь ч харилцан адилгүй байна. Нийт хүүхдүүдийн гуравны нэг нь цалиндаа сэтгэл хангалуун байна. Хүүхдүүдийн талаас илүү хувь (58 хувь) нь цалингаа гэрийнхэндээ өгдөг ба тэдний цалин тухайн өрхийн хувьд амьжиргааных нь гол эх үүсвэр болж байна.Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн талаас илүү нь хөдөлмөрийн гэрээ, хэлэлцээргүйгээр ажил эрхэлж байна. Хүүхдүүдийн гуравны нэг нь өөрсдийн ажлын байраа ажиллахад тохиромжгүй, хэвийн бус нөхцөлтэй гэж үзсэн бөгөөд ихэнх нь долоо хоногийн турш тасралтгүй ажилладаг бөгөөд заримдаа илүү цагаар, оройн цагаар ажиллах явдал цөөнгүй тохиолддог. Түүнчлэн илүү цагийн ажлын хөлсөө ихэнх тохиолдолд авч чаддаггүй зэргээс харахад хүүхдүүдийг амрах, суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг хөсөрдүүлж нь хямдхан хөлсөөр хөдөлмөрийг нь мөлжиж байгаа байдал ажиглагдаж байна. Хэдийгээр оёдлын үйлдвэрүүдэд ажиллаж буй хүүхдүүдийн эрх байнга зөрчигдөж байдаг ч гэсэн нийт хүүхдүүдийн тавны хоёр орчим хувь нь цаашид одоогийн хийж буй ажлаа үргэлжүүлэн хийнэ гэсэн бодолтой байна. Одоогийн ажлаа үргэлжүүлэх сонирхолтой байгаа гол шалтгаан нь эдийн засгийн шалтгаан болж байна.
Цаашид хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн томоохон шалтгаан болох өрхийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хүүхдүүдийн ажлын нөхцлийг хөнгөрүүлэх, хуулиар заагдсан эрхийн хэрэгжилтэд нь хяналт тавих шаардлагатай байна.