Боловсролын салбар дахь ажилласдын жендерийн сегрегаци ба гэрийн хөдөлмөрийн нөлөө

Main Article Content

C. Түмэндэмбэрэл

Abstract

Энэхүү судалгаа нь боловсролын салбарын хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн сегрегацийг тодорхойлон, уг салбарын ээж ажиллагсад ээж байхын зэрэгцээ хөлстэй хөдөлмөрийг хэрхэн хослуулж байна вэ гэдгийг тодруулах зорилготой эмпирик судалгаа юм.
Орчин үеийн нийгэмд хөдөлмөрийн хуваарь улам нарийсахын зэрэгцээ тодорхой ажил мэргэжлийн төрлүүд нь орон зай, нас, хүйс, үндэстний бүлгүүдэд хуваарилагдах хандлагатай байна.
Боловсролын салбарын хөдөлмөр эрхлэлтийн босоо шинжтэй сегрегацийг тогтоохдоо статистик мэдээллүүдэд орон зайн болон нийгмийн (угсаатан-шашны, ангийн г.м) хүчин зүйлсийн дүн шинжилгээ, харин шалтгааныг тодорхойлох, тайлбарлахын тулд чанарын судалгааны аргаар мэдээлэл цуглуулан, анализ хийсэн. Судалгаанд нийт 246 хүн хамрагдав.
Монгол Улсын боловсролын салбарын ажиллагсдын 71,3 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Боловсролын бүхий л шатны байгууллагад ажиллагсдыг нийгмийн байр суурийн зэрэглэлээр авч үзвэл менежерүүдийн 60 орчим хувийг эрчүүд эзэлж байхад үүний эсрэгээр багш нар, туслах ажилтнуудын 77-78 хувийг эмэгтэйчүүд байна. Энэ нь бусдыг засаглах, хянах, удирдан чиглүүлэх байр суурин дээр эрэгтэйчүүд зонхилж байхад эрх мэдэлгүй, бусдад захирагдах байр суурин дээр эмэгтэйчүүд зонхилж байна гэж болохоор байна. 2005 онд хийсэн түүвэр судалгаагаар боловсролын салбарт ажиллагсдын дундаж цалин 115 мянга, эрэгтэй ажиллагсдын дундаж цалин 109.8 мянга, эмэгтэй ажиллагсдын дундаж цалин 103 мянга гэсэн тооцоо гаргажээ. Эндээс, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн цалингийн 93.8 хувьтай тэнцэх цалинг буюу 6.2 хувиар доогуур цалин авч байна.
Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн хувьд хүүхдээ төрүүлсний дараагаар дунджаар 9 сар болоод ажилдаа эргэн орсон байна. Эмэгтэйн орлого түүний гэр бүлийн төсөвт тун их үүрэгтэй бөгөөд нөхөр нь ажилгүй эсвэл оюутан, бага орлоготой ажил эрхэлдэг тохиолдолд бага хугацааны дараагаар ажилдаа эргэн орох нь түгээмэл байна. Түүнчлэн төрөхөөс өмнө ажил эрхэлдэггүй байсан эмэгтэйчүүдэд төрсний дараа ажлын санал ирсэн тохиолдолд хүүхэд нялх байгаа эсэхээс үл хамааран ажилд орохоор шийддэг эсвэл шинэ алба, албан тушаалд шилжээд удаагүй тохиолдолд тун удалгүйгээр ажилдаа эргэж орж байна. Ийнхүү эмэгтэйчүүдийн дунд албан ажлаа чухалчлах хандлага нэлээд хүчтэй байна. Энэ нь их, дээд сургуулийн болон бага ангийн багш нар, удирдах ажилтан эмэгтэйчүүдэд илүүтэй илэрч байсан ба орон зай хийгээд угсаатан, шашны бүлгүүдэд онцын ялгаа илэрсэнгүй. Боловсролын салбар нь ээж эмэгтэйчүүд ээжийн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ ажилтны үүргээ хосуулан гүйцэтгэх таатай хөдөлмөрийн талбар нь болдог байна.

Article Details

Section
Article
Author Biography

C. Түмэндэмбэрэл

Докторант, МУБИС-ийн Түүх, нийгмийн ухааны сургууль, Нийгмийн ухааны тэнхим, багш