Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаарх зарим асуудал

Main Article Content

Б. Болор

Abstract

Гэр бүлийн гишүүд нь хөдөлмөрлөхгүйгээр өрхийн орлогыг бий болгох ямар ч боломж байдаггүйтэй адил хөдөлмөр эрхлэлтийг дэмжихгүйгээр улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгах, хүн амын орлогыг нэмэгдүүлэх, эрэлт хэрэгцээг өсгөх, иргэдэд ирээдүйдээ итгэн сэтгэл өөдрөг амьдруулах ямар ч боломжгүй болох билээ.
2005 онд хөдөлмөрийн зах зээлд гарч буй үндсэн өөрчлөлт, Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлого явуулах замаар ажилгүйдлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 2005 онд ажилгүйдлийн түвшин 3.3 хувь болсон ба 2001 онтой харьцуулахад 28.3 хувиар буурсан байна. Сүүлийн 5 жилийн байдлаар авч үзвэл, ажлын байрны захиалгын тоо 44.4 хувь, ажилд зуучилсан хүний тоо 74.9 хувь, мэргэжлийн сургалтад хамрагдсан хүний тоо 64.5 хувиар тус тус нэмэгдэж, нийтийг хамарсан ажилд хамрагдсан хүний тоо 2 дахин өсчээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2005 онд нийт 3879.6 сая төгрөгийн хөрөнгө төвлөрүүлсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тoвлoрүүлсэн нийт хөрөнгий 96.2 хувь буюу 3734.1 сая төгрөгийг гадаадаас ажиллах хүч авч байгаа байгууллагуудын ажлын байрны төлбөрөөс, 3.0 хувь буюу 114.5 сая төгрөгийг жижиг зээлийн хүүгийн орлогоос, 0.4 хувь буюу 16.4 сая тoгрoгийг орон нутгийн төсвөөс, 0.4 хувь буюу 14.6 сая төгрөгийг бусад эх үүсвэрийн орлогоос тус тус бүрдүүлжээ.
Манай улсад зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн жилүүдэд нийтийг хамарсан ажил санхүү, зохион байгуулалтын шалтгааны улмаас төдийлөн хөгжөөгүй байна. Мөн нийтийг хамарсан ажил зохион байгуулах нь хуулийн дагуу хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогын хүрээнд заавал хийх ёстой ажлын нэг болсон байна.
Өнөөдөр нийгмийн хамгийн эмзэг асуудал болох ядуурал, ажилгүйдэл нь зөвхөн Засгийн газрын үүрэг гэсэн ойлголтыг өөрчилж, энэ чиглэлд орон нутагт эрх шилжүүлэх, хариуцлага хүлээлгэх тогтолцоог судалж, хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна. Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн болон санхүүгийн нөөц боломж, бүтэц зохион байгуулалт бүрэлдэн тогтож байгаагийн үр дүнд төв орон нутаг дахь хөдөлмөр, халамжийн үйлчилгээний үйл ажиллагаа өргөжин, нэр хүнд өсч байна.

Article Details

Section
Article
Author Biography

Б. Болор

Докторант, ОХУ-ын Дорнод Сибирийн Технологийн Их Сургууль