Өмнөх үг

Main Article Content

Монголын хүн амын сэтгүүл

Abstract





Монгол Улсын Их Сургуулийн Хүн амын сургалт, судалгааны төв, Монголын хүн ам, хөгжил нийгэмлэгтэй хамтран “Монголын хүн амын сэтгүүл”-ийн 30 дахь дугаараа бэлтгэн, эрхэм уншигч Та бүхэнд толилуулж байна.


“Монголын Хүн Амын Сэтгүүл” нь Монголын хүн ам зүйн талбарт тулгамдаж байгаа болон хүн ам, нийгэм, хөгжлийн бусад асуудлаар эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, мэргэжлийн дүн шинжилгээний нарийн техник, арга зүйн сургалт, асуудал хөндсөн шүүмж үзэл бодлыг хөгжлийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, мэргэжилтэн, олон улсын донор байгууллагууд, судлаачид, оюутнууд болон сонирхсон бусад олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор бэлтгэгддэг Монгол Улсын Их Сургуулийн эрдмийн бичиг юм.


Монголын хүн амын сэтгүүлийг 1996 оноос хойш тасралтгүй бэлтгэн хэвлүүлж байгаа бөгөөд эрхэм уншигч та бүхэн онлайн хэлбэрээр сэтгүүлийн өмнөх бүх дугаарыг МУИС-ийн төв номын сангаас авч унших боломжтой.


Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт нийт 5 судалгаа, шинжилгээний ажлыг толилуулж байна. Энд “Дунд насны хүн амын нийгэм, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс ба цэвэршилтийн үе шат, насжилтын хамаарал” сэдэвт судалгааны ажлаар илрүүлсэн өнөөгийн монголын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндээс үүдэлтэй анхаарал татсан олон асуудлаар мэдлэг, мэдээлэл авч, нотолгоонд суурилсан сонирхолтой үр дүн, дүгнэлтүүдийг уншиж танилцаарай. “Анхны гэрлэлтийн дундаж насыг тооцоолох аргачлалын харьцуулсан шинжилгээ”, “Нялхасын эндэгдэлд нөлөөлөгч хүчин зүйлс, баримтын судалгаа”-ны ажлууд нь дүн шинжилгээний аргачлал, онол баримтыг харьцуулсан бүтээлүүд юм. “Орон нутгийн эдийн засгийн өсөлтийн хүртээмж” судалгааны ажлаар сүүлийн жилүүдэд ажиглагдсан эдийн засгийн өсөлт ядуурал буурахад нөлөөлсөн эсэх, өрхүүд өсөлтийн үр шимийг тэгш хүртэж байгаа эсэхийг тодруулахыг зорьсон. Нүүдэлч малчдын суурьших үйл явц, түүний хэлбэрүүд судалгааны ажил нь орчин цагийн нүүдлийн мал аж ахуйг өвлөж үлдэхийн тулд малчин өрхүүдийн шилжилт хөдөлгөөний шинж, хэв маягийг ангилан сегментчилэх, тэдгээрийн ялгаатай онцлогт тохирсон ажил эрхлэлт, орлогыг дэмжих, сум орон нутагт мал аж ахуйд суурилсан ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх ямар боломжууд үүсч байгааг тунгаан бодож, хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгахыг анхааруулж байна.


Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт толилуулж буй судалгаа, эрдэм шинжилгээний ажил, эрдэмтэн, судлаачдын үзэл бодлын талаар эрхэм уншигч Та шүүмж, мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлоо хуваалцаж, манай дараагийн дугаарт өөрийн материалаа ирүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна. Сэтгүүлийг цахим хэлбэрээр МУИС-ийн вейб сайтаас унших боломжтой.


Энэ ялдамд хүн ам зүй, хүн ам, хөгжлийн асуудлаар судалгаа, шинжилгээний ажилд оюун санаагаа зориулан манай сэтгүүлд өөрийн бүтээлээ ирүүлсэн нийт эрдэмтэн, судлаачид болон уг сэтгүүлийн энэ дугаарыг бэлтгэн хэвлэхэд санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Монгол улсын их сургуульд сэтгүүлийн редакцийн хамт олон гүн талархлаа илэрхийлж байна.


Эрхэм уншигч таны оюуны мэлмий тань тэлэх болтугай.


РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛ





Article Details

Section
Article

Most read articles by the same author(s)

1 2 3 4 5 6 7 > >>