ТӨВ АЗИЙН НҮҮДЭЛЧДИЙН ТҮҮХИЙН ЗАРИМ АСУУДАЛ
Keywords:
Нүүдэлчид, Төв азиAbstract
Эдүгээ бидний үеийг хүртэл хадгалагдан ирсэн бичгийн сурвалжуудад Төв Азийн эртний нүүдэлчдийн түүхийн талаар тун хомс мэдээ занги байдаг боловч сүүлийн арав гаруй жилд бий болсон археологийн материалд үндэслээд нилээд тоймтой нэхэн сэргээлт хийх бололцоо гарч байна. Энэхүү хуримтлал нь бидний мэдлэгийн дутууг аажмаар баяжуулж байгаагийн зэрэгцээ түүнийг зайлшгүй нягтлан хянах зарим нэг тогтсон ойлголтыг эргэн харахад хүргэж байгаа юм. Түүнчлэн, тухайн газар нутагт иргэншин сууж асан эртний нүүдэлчдийн угсаатны бүрэлдэхүүн соёлын хөгжилд үзүүлсэн янз бүрийн хүчин зүйлийн нөлөөллийг тогтоох нь ихээхэн чухал ач холбогдолтой. Ийм хүчин зүйлүүдийн тоонд баруун зүгийн эртний нүүдэлчдийн холбоо харилцааг дурдах хэрэгтэй. Судлаачид дээрх харилцаа холбоог харуулах зарим нэг чухал мэдээ баримтыг тэмдэглэсэн байдаг боловч суурь мэдээ баримтын хомсдолоос шалтгаалаад асуудлыг гүнзгийрүүлэн судлаагүй байна. Үүний зэрэгцээ археологийн судалгааны материал өсөн нэмэгдэхтэй зэрэгцэн палеоантропологийн баримт баталгаа гарч ирж байна. Анх Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Наймаа толгой хэмээх газарт малтан судалсан 20 гаруй хүннү булшнаас европжуу төрхтөний гавал олдож байсан бол сүүлийн жилүүдэд мөн аймгийн нутагт зохион явуулсан хээрийн судалгаагаар өөр хэд хэдэн газраас олдлоо. Тухайлбал, Өгий нуур сумын нутаг Тамирын Улаан хошуу /Бурхан толгой/ хэмээх газарт шинээр илэрүүлэн олсон 280 гаруй хүннү булштай газарт малтан судалсан 16 булшнаас гарсан 5 бүтэн мөн эндээс холгүй 10 км орчим зайтай газарт орших Эмээл толгойн 7 булшаас 2 бүтэн илэрхий европжуу төрхт хүннү нарын гавал олдоод байна.
Эдгээр булшуудын гадаад хэлбэр төрх, булшинд дагуулан тавьсан эд өлөг нь Монгол, Өвөр Байгаль зэрэг газарт малтан судалсан жинхэнэ хэв шинжит хүннү булштай ижил боловч зарим нэг ялгаа байгааг дурдвал: булшны нүх харьцангуй гүн 3-4 м. дүнз болон шургааган хашлага зонхилох бөгөөд, зүг чигийн хувьд өргөрөгийн дагуу байрлал цөөнгүй тохиолддог, адуу мал, зэр зэвсгийн зүйл ховор, 4-5 ширхэг ваар дагуулан тавьдаг гэх мэт анхаарал татахуйц онцлог шинж тэмдэгүүд байгаа юм. Малтан судалсан ихэнх булшууд маш их тоногдсон байсан боловч зарим булшнаас хүрэл хонх, цөгцөн ёроолт бүтэн хүрэл тогоо, дэнгийн төмөр цөгц, төмөр суулга, ясан эдлэлүүд, шавар сав суулга зэрэг эд өлгийн зүйлс гадраг.
Оршуулгын зан үйлд ажиглагдаж буй өмнө өгүүлсэн онцлогууд нь хүннүгийн бүрэлдэхүүнд багтан орж соёлын хувьд бүрэн өөрчлөгдсөн харь гаралтан овог аймгуудын угсаа гарвал, аж ахуй соёлын онцлог монгол газар эрхлэн залгуулж байсан алба үүрэгтэй холбоотой бололтой.