Далд зүйрлэлийн танин мэдэхүйн шинж
Abstract
Далд зүйрлэл бүтэхэд, зүйрлэгдэхүүн ба зүйрлэхүүний харьцаа холбоо, танин мэдэхүйн арга зам, жич туршлагын суурь зэрэг гол элементээс салж болдоггүй. Яг Лэкофын хэлсэнчлэн “Амьдралын туршлагагүйгээр хүмүүст ойлгогддог эсвэл хүмүүст мэдрэгддэг далд зүйрлэл гэж оршихгүй”. Энд хэлж байгаа амьдралын туршлага нь хүмүүсийн нэгэнт таньсан, мэдсэн, биечлэн өнгөрүүлсэн зүйл, өөрөөр хэлбэл танин мэдэхүйн бүхий л ололт мэдлэг болох юм. Хүмүүсийн сэтгэхүй, танин мэдэхүйн арга хэлбэр, хүрээ хэвцээ болон хэлний илтгэх арга маяг адил бусаас болж адил бусын бүтэцтэй далд зүйрлэл хэлэнд бий болж хүмүүсийн хэл яриаг амьд дүрслэг, уран баян болгож байгаагийн зэрэгцээ тэдгээр далд зүйрлэлийн үүссэн арга зам, бүтэц тогтолцооны дотоод харьцаа холбоогоос тухайн хэлтний танин мэдэхүй, соёл сэтгэхүйг өгсүүлэн мөрдөж болох юм. Тодруулан хэлэхэд, далд зүйрлэл нь одоо нэгэнт хэлний илтгэх арга хэлбэрээс халин даваад танихуй зүй, сэтгэл зүй, хүн зүйн өргөн хүрээнд судлагдах болсон нь манай амьдрал дунд далд зүйрлэл хаа сайгүй оршиж, хүмүүсийн байгаль ертөнцийн тухай танилт, амьдралын туршлага, мэдлэг мэдэц, харилцаа холбоо, үзэл ухамсар... хаа хэзээ ч далд зүйрлэл салж чадахгүй байгааг мэдрэхгүй байхын аргагүй билээ.