Маркетингийн судалгааг хийхдээ ёс суртахуунтай хандацгаая!
Main Article Content
Abstract
Маркетингийн судалгаанд оролцогч гурван этгээд болох судлаач, судалгаанд оролцогч, судалгааг захиалагч гурвын харьцаанд бие биенийхээ эрх ашгийг хөндсөн судалгааны ёс зүйн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай юм. Ёс суртахууны хэм хэмжээг судалгаанд оролцогчдын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, стандарт үйлдэл гэж олон улсын практикт үздэг. Маркетингийн судалгааг амжилттай явуулах, оролцогчдоос үнэн зөв мэдээлэл авахын тулд тэдний эрх ашгийг хүндэлж, итгэлийг нь эвдэхгүй байх ёс зүйд анхаарах нь чухал. Түүнчлэн судалгааны үйл явцад оролцож байгаа хэрэглэгчид ч гэсэн өөрийн ёс суртахууны эрх эдлэхээс гадна судлаачдыг үнэн зөв мэдээллээр хангах үүрэг хүлээх ёстой.
Бусад улсын практикаас харахад маркетингийн болон бусад төрлийн судалгаа явуулах ёс зүйн хэм хэмжээг мэргэжлийн байгууллагууд, олон нийтийн холбоод тогтоож байна. Түүгээр ч зогсохгүй сүүлийн үед томоохон байгууллагууд бизнес эрхлэхдээ баримтлах ёс зүйн хэмжээний баримт бичгийг боловсруулан мөрдөцгөөх болжээ.
Тэгэхээр манай маркетингийн мэргэжилтнүүд, мэргэжлийн багш нар, бизнесийн байгууллагууд ч гэсэн өөрсдийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг нийтээрээ хэлэлцэн тогтоож, олны дунд тархсан бичигдээгүй хуулийг боловсруулан албан ёсны болгох нь өнөө үеийн бидний үүрэг болоод байна.
Маркетингийн судлаачид, захиалагч компаниуд хэрэглэгчид, зорилтот зах зээлээсээ байнга үнэн зөв мэдээлэл авахын тулд ёс суртахууны хэм хэмжээг сайтар баримтлах ёстой бөгөөд энэхүү ёс суртахууны хэм хэмжээг бий болгон мөрдөцгөөе гэсэн санаа энэхүү өгүүллэгийн гол утга учир юм.