Монгол улсын эрчим хүчний салбарын талаарх олон нийтийн үзэл бодол
Main Article Content
Abstract
Монгол улсад 20 гаруй жилийн өмнөөс эдийн засгийн гол салбарууд хувьд шилжин зах зээлийн зарчмаар ажиллах болсон ч улс орны хөгжилд томоохон үүрэгтэй эрчим хүчний салбар өнөөг хүртэл төрийн мэдэлд, татаастай үнээр, санхүүгийн алдагдалтай, ачааллаа дийлэхгүй ажиллаж, шаардлагатай хөрөнгө оруулалтаар дутмаг явж байна. Төрөөс эрчим хүчний салбарыг шинэчлэх, үнэ тарифыг чөлөөлөх ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд олон нийт энэ салбарын талаар ямар ойлголт, мэдлэг, мэдээлэлтэй байгаа, шинэчлэл, ялангуяа эрчим хүчний үнэ тарифийн чөлөөлөлтөд хэр “бэлэн” байгааг тодорхойлох явдал судалгааны зорилго байв.
Судалгаанд Улаанбаатар хотын байшин, гэр хороололд амьдарч буй 410 өрх хамрагдсан. Хотын өрхүүд бараг бүгдээрээ эрчим хүчний үйлдвэрлэлийн талаар ерөнхий мэдлэгтэй байгаа боловч салбарын одоогийн санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа талаар дөнгөж 26-28 хувь нь л мэдэж байна. Өрхүүдийн дийлэнх өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахилгааны тариф байнга нэмэгдэж ирснийг анзаарсан бөгөөд энэ нь өрхүүдийн амьжиргаанд нэлээд нөлөө үзүүлсэн байна.Ижил төстэй хөгжилтэй Азийн улс орнуудтай харьцуулахад Монголд нэгж цахилгааны тариф тийм өндөр биш ч өрхүүдийн гуравны хоёр нь одоогийн цахилгааны үнэ тарифийг өндөр гэж үзэж байгаа ба цаашид өснө гэсэн таамаглалтай байна. Гэхдээ үүний шалтгааныг цалин болон үнийн өсөлт, инфляцитай холбоотой гэж тэд үзэж байна. Эрчим хүчний эрэлт нь мэдрэмж муутай, өөрөөр хэлбэл тариф өссөн ч эрчим хүчний хэрэглээ ихээр буурдаггүй учраас цахилгааны үнэ нэмэгдсэн тохиолдолд цахилгааны хэрэглээгээ хэвээр байлгана гэвэл нэн ядуу өрхүүдийн хувьд хоол хүнс,эрүүл мэнд, боловсрол гэх мэт зайлшгүй хэрэглээнүүдэд нь дарамт учрахаар, харин орлого дээгүүр өрхүүдийн хувьд цахилгаан юмуу зайлшгүй хэрэгцээнээс бусад гар утас, автомашин гэх мэт зүйлд зарцуулах зардлын хооронд сонголт хийх хандлага гарч болзошгүй байна.