Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн дутагдаж буй хэрэгцээ Монголд, 2010
Main Article Content
Abstract
Энэхүү судалгааны ажилд жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгсэл (ЖСАХ)-ийн хангагдаагүй хэрэгцээнд нөлөөлж буй хүчин зүйлийг илрүүлэхийг зорьсон. "Хүүхэд хөгжил 2010" судалгаанд хамрагдсан 15-49 насны гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай 5,781 эмэгтэйн мэдээлэлд дүн шинжилгээ хийв. ЖСАХ-ийн хангагдаагүй хэрэгцээнд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох шинжилгээний ажилдаа binary болон multinomial ложистик регрессийн аргыг ашиглав.
2010 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 15-49 насны гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтэй эмэгтэйчүүдийн 21 хувь нь ЖСАХ-ийн хангагдаагүй хэрэгцээтэй байна. Эдгээр хангагдаагүй хэрэгцээтэй байгаа эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь төрөлт хоорондын зайгаа зохицуулах, дөрөвний гурав нь жирэмслэхээ зогсоох хүсэлтэй байна. Эмэгтэйн нас, амьд байгаа хүүхдийн тоо, амьдарч буй өрхийн байршил, ЖСАХ-ийн мэдлэг, өрхийн тэргүүлэгчийн үндэс угсаа нь ЖСАХ-ийн хангагдаагүй хэрэгцээнд статистикийн хувьд ач холбогдол бүхий нөлөө үзүүлдэг нь шинжилгээний дүнгээс гарсан. Тухайн хосуудад тохирсон гэр бүл төлөвлөлтийг дэмжихийн тулд хотод амьдардаг эмэгтэйчүүдэд зорилтот хөтөлбөр боловсруулж ажиллахаас гадна, ЖСАХ-ийн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх нь чухал байна.