МОНГОЛ ДАХЬ БУРХАНЫ ШАШНЫ ХОЖУУ ДЭЛГЭРЭЛТИЙН ҮЕД ХАМААРАХ “ДОВЖОО-1” ХЭМЭЭХ ДУРСГАЛЫН ТУХАЙ
Keywords:
Монголын археологи, хот суурины дурсгал, XVI-XVII зууны Монголын сүм хийд, Монгол оронд Бурханы шашин дэлгэрсэн хожуу дэлгэрэлтийн үеAbstract
Монгол Улсын Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Дэлгэрхаан уулын орчим хэлбэр хэмжээ, зохион байгуулалтын хувьд хоорондоо адил төстэй, ойролцоо цаг үеийнх болов уу гэмээр хот суурины зургаан дурсгал бий. 2018 оны 6 дугаар сард Монгол-Америкийн хамтарсан “Дорнод Монгол: Археологийн хайгуул, малтлага судалгаа” төсөл, МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхимийн оюутны дадлагын хүрээнд Тогоотын голын баруун эрэгт орших “Довжоо-1” дурсгалыг малтан шинжилж, холбогдох он цагийг тодорхойлох судалгаа хийж гүйцэтгэсэн юм. “Довжоо-1”-ийн тавцангийн баруун хойд буланд орших багавтар барилгын үлдэгдлийг малтахад барилгын дээврийн чимэглэл, вааран хавтангийн хагархай, зээбад, цэцэг ургамлын дүрстэй нүүр болон үзүүрийн ваар, модон хийцийн үлдэгдэл, төмөр хадаас, будагтай шаваасны хэсгүүд, хятад зоос, шавар сав, шаазангийн хагархай зэрэг олдворууд гарсан. Мөн барилгын дотор талаас өнгө хоршуулан будсан шавар бурханы дүрс баримлын үлдэгдэл, бадам сэнтийн хэсгүүд олдсоноос үзэхэд, нутгийнхны “Сүмийн довжоо” хэмээн нэрлэж ирсэн уг байгууламж нь Буддын шашны тахил шүтээний газар буюу сүм хийдтэй холбоо бүхий дурсгал болох нь илэрхий болсон билээ. “Довжоо-1”-ийн малтлагаас гарсан модон хийцийн үлдэгдлээс дээж авч АНУ-ын Жорж Их Сургуулийн Изотопын судалгааны лабораторид С14 он цаг тогтоох шинжилгээ хийлгэхэд дурсгалын үнэмлэхүй насыг 1497 (2.1%) 1506 calAD; 1512 (71.3%) 1601 calAD; 1616 (22.0%) 1646 calAD буюу нийтийн тооллын XVI-XVII зууны хоорондох цаг үед холбогдохыг тогтоож өгөв. Энэ нь чулуун өрлөгтэй уг барилгын хийц загварын онцлог, шавар чимэглэлийн нь хэв маяг, тоосгон материалын шатаалт, чанар зэргээр бидний таамаглаж байсан он цагийн баримжаатай нийцэж байна.