ХАДНЫ ОРШУУЛГА – ДУНДАД ЗУУНЫ НҮҮДЭЛЧДИЙН ОРШУУЛГЫН ДУРСГАЛЫН ӨВӨРМӨЦ ХЭЛБЭР
Keywords:
Монголын археологи, дундад зууны үе, нүүдэлчдийн булш оршуулга, хадны оршуулга, агуйн оршуулгаAbstract
Монголын дундад эртний нүүдэлчдийн үхэгсдээ оршуулж байсан зан үйлийн өвөрмөц нэгэн хэлбэр бол хадны хөмөг, агуйн оршуулга болно. Монгол орны хангай, говийн уул хадтай аль ч нутагт археологийн энэ төрлийн дурсгал тохиолдоно. Хадны оршуулгын дурсгалыг судлан шинжилснээр дундад эртний нүүдэлчдийн соёл, зан заншил, ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэг, нийгмийн харилцаа зэрэг түүх сударт тэмдэглэн үлдээсэн эд өлгийн ба утга соёлын холбогдолтой олон мэдээ сэлтийг нягтлан бататгах боломж бүрдэх төдийгүй сурвалж бичигт огт тэмдэглэгдээгүй нарийн ширийн зүйлсийг ч тодруулан мэдэж судалгааны хүрээнд баримт болгон ашиглах чухал ач холбогдолтой билээ. Тодруулбал, үхэгсдийг оршуулах зан үйл хийгээд тахиж тайх ёсон, эртний хувцас өмсгөл, гэзэг үс, зэр зэвсэг, гоёл чимэглэл болон ахуйн хэрэгцээний багаж зэвсгийн хэлбэр, тодорхой аймаг угсаатны нутагшил ба тархалт зэрэг олон асуудал энд багтах учиртай.