ХАДНЫ ОРШУУЛГА ХИЙГЭЭД ЭРТНИЙ НҮҮДЭЛЧИД ИХЭС ДЭЭДСЭЭ НУУЦ ДАЛДАД ОРШООДОГ ТУХАЙ
Keywords:
Монголын археологи, дундад зууны үе, нүүдэлчдийн булш оршуулга, хадны оршуулга, агуйн оршуулгаAbstract
Энэхүү өгүүлэлд зохиогч археологийн хэрэглэгдхүүн болон түүхийн сурвалжийн мэдээн дээр тулгуурлан хадны оршуулгыг өвөрмөц гэхээс илүү нууц далд оршуулгын нэгэн хэлбэр (хувилбар) байж болох тухай авч үзжээ. Түүхийн янз бүрийн үед тухайн нийгмийн ноёлох хэсгийн төлөөлөл талийгаачийг хөрс зүйх, мөр дайруулах, ингэ буйлуулах, гэрчийн хэл таслах, хориг тогтоох, манаа гаргах, мод тарих, үл тэмдэглэх, мөрөө баллаж төөрөгдүүлэх зэргээр далд нууц оршуулж байснаас гадна агуй хаданд нууж оршоох заншил байсан гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд олдон малтан судалсан хадны оршуулгуудын ихэнхийг их бага хэмжээгээр тонож сүйтгэсэн хэдий ч харьцангуй бага сүйдсэн Алхамын хавцалын оршуулгын торго, мөнгөн ээмэг, Цагаан Ханангийн оршуулгын язгуур сурвалжит хүний малгай, гутал, хувцас өмсгөл, Нартын Хадны оршуулгын эмэгтэйн хувцас, чимэглэлийн байдал нь Юан гүрний үеийн зургадугаар дэсээс доошгүй язгуур сурвалжтай хүний эд хэрэглэлтэй үндсэндээ тохирч байдаг бол Дугуй Цахирын оршуулга язгуур угсаатай баян чинээлэг хүний, Арцат Дэл, Жаргалант Хайрхан, Ёдортын оршуулга жирийн иргэдийнх бус болохыг оршуулгын эд хэрэглэгдэхүүн нотлон харуулдаг. Тиймээс бид биет хэрэглэгдэхүүнд дулдуйдан хадны оршуулга нь жирийн иргэдийнх байхаас илүүтэй язгууртан буюу тухайн нийгмийн ноёлох чинээлэг хэсгийнхний оршуулга байх бүрэн боломжтой хэмээн урьдчилсан байдлаар үзэж байна.