ХАР ХОРУМЫН ШААЗАН ЭДЛЭЛИЙН ХОЁР ДАРШИЙГ СУДАЛСАН ТУХАЙ

Authors

  • У.ЭРДЭНЭБАТ

Keywords:

Хар Хорум, Шаазан эдлэл

Abstract

Археологийн олдворын нэгэн төрөл зүйл бол эрт цагт амьдарч байсан хүмүүсийн эх дэлхийн хөрсөнд булж далдалсан хийгээд олж авахад амаргүй газар нууж дарсан элдэв эдийн боловсролын дурсгалт зүйлсийн дарш билээ. Хээрийн шинжилгээний явцад суурин амьдралын ул мөрийг хадгалсан археологийн дурсгал бүхий газраас үнэт металл болон төмөрлөг боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, алт, мөнгө, хүрэл зоос, шил шаазан, яс, мод, үнэт чулуугаар урлаж хийсэн эдлэл зэрэг эрдэнэс баялагийн үлдэц илэрч олдох нь багагүй. 

Эртний хүмүүсийн гараар тодорхой орон зай, цаг хугацаанд ямар нэг зорилгын үүднээс ийнхүү бусдаас нууж далдалсан хөрөнгө зоорь, бараа бүтээгдэхүүний агуулахаас эхлээд үйлдвэрлэлийн гологдол, хог хаягдал нь хүртэл түүхийн шинжлэх ухаанд судалгааны үнэт баримт болох бөгөөд ийм олдворын холбогдох он цаг, угсаа соёлын хүрээ хамаадлыг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Түүгээр ч барахгүй зарим тохиолдолд, археологийн малтлагаар илрүүлж олсон олдворууд буюу эд өлгийн биет дурсгал нь бичгийн сурвалжид тэр бүр тэмдэглэгдээгүй, тэмдэглэгдсэн ч бидний үеийг хүртэл уламжлагдан ирж чадаагүй түүхэн тодорхой үеийн хүмүүсийн аж ахуй, соёл, зан заншил, нийгмийн харилцааны хөгжлийг тодруулан шинжлэх цорын ганц найдвартай хэрэглэгдэхүүн болдог юм. 

Монголын хот сууриныг урьд өмнө археологийн талаар шинжлэн судлах явцад эртний хотын оршин суугчдын булж далдалсан элдэв эдлэл хэрэглэлийн даршны үлдэц нэг бус удаа янз бүрийн байдлаар илрэн олдож байжээ 1. Үүний дотор манай орны нутаг дэвсгэрт буй эртний хот балгасын ор үлдцээс хамгийн арвин олддог, статистикийн хувьд бусад төрлийн жижиг олдворуудтай харьцуулж үзвэл тоо хэмжээ болоод нэр төрлийн хувьд үлэмжхэн хувийг эзлэх ваар, шаазан эдлэл нэн сонирхолтой. 

Бид энэхүү өгүүлэлдээ манай өвөг дээдсийн бүтээн байгуулсан хот суурины дотроос дэлхий дахины эрдэмтэн судлаач нарын анхаарлыг хамгийн ихээр татсан хотын нэг гэж хэлж болох Их Монгол Улсын нийслэл Хар Хорум балгасын дэвсгэрээс илэрсэн шаазан эдлэлийн хоёр даршийг судалсан тухайгаа танилцуулъя. 

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2002-12-20

How to Cite

У.ЭРДЭНЭБАТ. (2002). ХАР ХОРУМЫН ШААЗАН ЭДЛЭЛИЙН ХОЁР ДАРШИЙГ СУДАЛСАН ТУХАЙ . Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 187(13), 1–26. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/3358

Most read articles by the same author(s)