Памела Кросслейгээс “Тайжийн төр ба Дайчин улсын мандалт” номд өгсөн шүүмж
DOI:
https://doi.org/10.22353/mar.202601.08Keywords:
Тайжийн төр, Дайчин улсын мандалтAbstract
Сүүлийн үед Монголд түүхийн ном олноор хэвлэгддэг болжээ. Ном хэвлэл орширч байгаа нь сайн хэрэг. Гэвч тэдгээр нь шинэ мэдлэг бүтээж, судалгаанд ахиц дэвшил гаргаж байна уу? Энэ нь манай улсын судлаачид, ном хэвлэгчдийн өмнө зайлшгүй тавигдаж буй асуулт бөгөөд үүнтэй холбоотойгоор мэргэжлийн шүүмжийн (review) асуудлыг зайлшгүй хөндөх цаг болжээ. Учир нь, тухайн ном шинэ мэдлэг бүтээж, судалгаанд ахиц гаргаж байгаа эсэхийг мэргэжлийн шүүмжээр үнэлдэг. Манай улсад шинээр хэвлэгдсэн судалгааны ном зохиолд мэргэжлийн шүүмж хийж байна уу? Ер нь шүүмж хийдэг тогтолцоо байна уу?
МУИС-ийн багш, Макс Планкийн Хүрээлэнгийн зочин судлаач Л.Мөнх-Эрдэнийн “Тайжийн төр ба Дайчин улсын мандалт” номын талаарх нэгэн шүүмжийг орчуулж, мэргэжлийн шүүмжийн дөхөм жишээ болгон нийтлүүлж байна. Түүхийн судалгааны бүтээл хэвлэдэгээрээ алдартай Брилл (Brill) “Тайжийн төр”-ийг хэвлэжээ. “Брилл”-ээс хэвлэгдсэн аливаа бүтээл нь гурван шатны шүүмжийг туулах бөгөөд бүх шүүмж зохиогчоос хараат бус, нууцаар хийгддэг. Тус хэвлэлийн газар нь салбартаа танигдсан судлаачдаас бүрдсэн редакцийн зөвлөлтэй бөгөөд эхний шатанд зөвлөлийн гишүүд зохиогчийн өгсөн номын төслийг шүүн үзэж, уг төсөлд мэргэжлийн эрдэмтдийн хөндлөнгийн нууц шүүмж явуулах эсэхээ шийддэг. Нааштайгаар шийдсэн нөхцөлд номын гар бичмэлд мэргэжлийн эрдэмтдийн хөндлөнгийн нууц шүүмж (double blind review) хийлгэдэг бөгөөд тэрхүү нууц шүүмж дэмжвэл сая ном хэвлэгдэх боломжтой болдог байна. Эцэст нь, ном хэвлэгдсэний дараа тухайн салбарын эрдэмтдийн зүгээс уншигчдад зориулан шинэ бүтээлд шүүмж өгч, эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлнэ. Салбартаа нэр хүндтэй эрдэмтэд нааштай шүүмж өгвөл, тухайн бүтээл тэр хэрээр ач холбогдолтой, үнэ цэнтэй болох нь мэдээж. “Тайжийн төр”-ийн хувьд Манж Чин гүрний түүх судлалын хамгийн шилдэг эрдэмтдийн нэг болох Памела Кросслей шүүмж хийж, тун нааштай үнэлж, салбарынхаа аливаа эрдэмтдийг уг бүтээлийг нарийвчлан судлахыг уриалсан нь тус бүтээлийн ач холбогдлыг илтгэнэ.
Дартмут Коллежийн профессор Памела Кросслей уг шүүмжийг Хонг Конгийн Хятадын Их Сургуулийн (The Chinese University of Hong Kong) Хятад Судлалын Хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Journal of Chinese Studies” сэтгүүлд нийтлүүлжээ. П.Кросслей 1978 онд Йель Их Сургуулийг дорнод Ази судлалын бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд 1983 онд тус их сургуульд Манж судлалын сэдвээр Ph.D зэрэг хамгаалжээ. Тэрээр Чин гүрэн ба орчин үеийн Хятадын түүх судлалаар мэргэшсэн байна.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2026 Мягмар Пүрэвсүрэнгийн; Памела Кросслей

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.