БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ (NBS)-ИЙГ АШИГЛАН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БОЛОМЖ ТҮҮНИЙ ЗАРДАЛ, ҮР АШГИЙН ШИНЖИЛГЭЭ: УЛААНБААТАР ХОТЫН ЖИШЭЭ
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2023090403Keywords:
Байгальд суурилсан шийдлүүд (NBS), хот суурин газар, эдийн засгийн үнэлгээ, ногоон дэд бүтэц, хотын дулааны арлын нөлөө (UHI), хотын үер, тогтвортой хөгжил хангасан хот, ногоон хотжилт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон шийдэл, санхүүAbstract
Сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлтөөс хамааралтай байгалийн гамшиг ихээхэн тохиолдож байгаа ба Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотын зохисгүй төлөвлөлт, өсөн нэмэгдэж буй хотжилт, барилгажилт зэргийн харилцан хамаарал нь нийгэм, эдийн засаг, байгаль орчинд ихээхэн дарамт учруулж байна. Үүнд үерийн гамшиг тохиолдох, хотын дулааны арал1 буюу хотын хэт халалтын бүс зэрэг багтаж байна. Үүнтэй уялдсан байгальд суурилсан шийдлүүд (NBS) нь учирч буй эрсдэл, дарамтыг бууруулах, түүнчлэн хотыг илүү амьдрахад таатай болгохын тулд авч хэрэгжүүлдэг олон тооны экосистемийн үйлчлэл дээр тулгуурласан стратеги юм. Тус шийдэл нь судалгааны түвшинд өргөн цар хүрээтэйгээр яригдаж байгаа хэдий ч бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд техникийн болон санхүүгийн олон саад бэрхшээлтэй тулгардаг. Иймд тус судалгааны ажил нь Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтөөс хамааралтай үерийн нөлөөг бууруулах зорилгоор байгальд суурилсан ямар төрлийн шийдэл (Nature Based Solution-NBS) хэрэгжүүлэх нь зүйтэй, мөн түүний үр өгөөжтэй эсэхийг турших зорилготой юм. Энэ хүрээнд NBS-д суурилсан хоёр төрлийн хувилбар боловсруулсан (i. UHI болон үерийн эрсдэлийг хамтад нь шийдвэрлэх, ii. зөвхөн үерийн эрсдэл бууруулах) ба холбогдох зардал, үр ашгийг тооцоолж, харьцуулан NBS-ийн хөрөнгө оруулалтын үр ашгийг шинжилсэн. Цөөн тооны шийдэл үр дүнтэй байсан ба эдийн засгийн үр өгөөжийн хувьд өөр өөр үр дүн ажиглагдсан. Үерийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн NBS нь ялангуяа ой модтой ногоон байгууламж барих, борооны ус нөөцлөх, голын байгалийн урсацыг сэргээх ажлуудыг хийсэн тохиолдолд хамгийн их үр ашигтай байх үр дүн гарсан.