НООЛУУРЫН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ТӨРӨӨС БАРИМТЛАХ ХУУЛЬ, БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2023090202Keywords:
ноолуурын кластер, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, бодлогын баримт бичигAbstract
Монгол улс уул уурхайн нөөцөөс гадна МАА-ын гаралтай нөөцөд суурилсан экспортын кластерыг хөгжүүлэх нь манай хөдөлмөр эрхлэлтэд эерэг нөлөөтэйгөөс гадна экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. Манай улсын цаг уурын нөхцөл байдал, мал маллагааны онцлогоос хамааран ямааны ноолуурын чанар сайтай бөгөөд нийт дэлхийн ноолуурын нөөцийн 40 хувийг Монгол улс бэлтгэн нийлүүлдэг. Гэвч дэлхийн зах зээлд анхан шатны боловсруулалт хийсэн угаасан болон самнасан ноолуурын 70-90 хувийг эзэлдэг боловч эцсийн бүтээгдэхүүний 0,1 хувийг эзэлдэг нь манай улс ноолуурын дотоод нийлүүлэлтийн сүлжээгээ дахин загварчлах шаардлага буйг илтгэж байгаа юм.
Энэхүү судалгаанд судлаачдын боловсруулсан ноолуурын нийлүүлэлтийн сүлжээний зураглалд үндэслэн үндсэн болон дэмжих үйл ажиллагааг тодорхойлсон. Үндсэн үйл ажиллагаа болох түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бараа материалын болон түүхий эдийн урсгалд нэмүү өртөг хэрхэн нэмэгдэж буйг харуулдаг бөгөөд манай улсын хувьд ноолуур бэлтгэн нийлүүлэлт болон анхан шатны үйлдвэрлэлийн дараагаар нийт ноолуурын 80 орчим хувийг экспортолдог асуудалд нийлүүлэлтийн сүлжээний дэмжих үйл ажиллагаанд гол нөлөө үзүүлэх төрийн бодлого зохицуулалтын нөлөөллийг гаргахыг зорьсон юм.
Энэхүү судалгаанд ноолуурын нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой давхардсан тоогоор нийт 34 хууль, 52 бодлогын баримт бичгийн хүрээнд хийгдсэн бөгөөд ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд төрөөс баримтлах хууль, бодлого баримт бичгүүд хэрхэн нөлөөлж буйг түлхүүр үгийн тусламжтайгаар текст олборлолтын аргачлалыг ашиглан энэхүү шинжилгээг хийв.
Шинжилгээний үр дүнд төрөөс барьж буй хууль, бодлогын баримт бичгийн нөлөөлөл нь нийт ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд жигд бус байгаа бөгөөд ноолуурын нийлүүлэлтийн сүлжээний түүхий эд бэлтгэл болон үйлдвэрлэлийн хэсгийг голчлон дэмжиж байгаа боловч бэлтгэн нийлүүлэлт болон экспортын үйл ажиллагааны хэсгийг дэмжсэн, анхаарал хандуулсан бодлогын баримт бичиг дутагдалтай байна гэсэн үр дүнд хүрэв.