ӨРХИЙН САНХҮҮГИЙН ИНДЕКС, ТҮҮНИЙ ШИЛЖИХ МАГАДЛАЛЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ (Орхон аймгийн жишээн дээр)
Keywords:
Микро индекс, макро индекс, хямарсан, тогтворгүй, ажилгүйдэл, дотоодын нийт бүтээгдэхүүн, Жини коэффициентAbstract
Дэлхийн улс орнууд урт хугацааны тогтвортой эдийн засагт хүрэхийн тулд аливаа улсын өрхийн амьжиргааны түвшин, ядуурлын түвшин, хүний хөгжлийн индекс, аз жаргалын индекс, өрхийн санхүүгийн байдал зэрэг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцож төр засгийн зүгээс бодлогын баримт бичиг боловсруулан, үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд олон улсын судлаачид 1965 оноос хойш өрхийн санхүүгийн тогтвортой байдал, сайн сайхан байдал, эмзэг байдлыг индекс зэрэг олон аргачлалыг хөгжүүлэн судалгаа шинжилгээний ажил хийж ирсэн. Үүний дотроос 2011 оноос Их Британи улсын Бристолын Их Сургуулиас өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэх Household financial wellness index аргачлалыг хөгжүүлэн, Өмнөд африкийн жишээн дээр тасралтгүй 10 гаран жил судалгаа хийж, зөвлөмж боловсруулсан байна. Бид Орхон аймгийн жишээн дээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг индексийн аргаар тодорхойлон, индекс шилжих магадлалыг ложит загвараар үнэллээ. Судалгааны үр дүнгээс харвал Орхон аймгийн өрхүүдийн 3.5% нь санхүүгийн нөхцөл байдал сайн, 50.75% нь санхүүгийн байдал тогтвортой, 40.5% нь санхүүгийн байдал тогтворгүй, 5.25% нь хямарсан бөгөөд эдгээр өрхүүдийн санхүүгийн байдал тогтворгүй болох эрсдэл өндөртэй, хямарсан өрхүүд сайжрах магадлал бага байна. Тиймээс цаашдаа өрхүүдийн санхүүгийн байдлыг тогтвортой, найдвартай болгох замаар эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангахын тулд төр засгийн зүгээс бодлогын баримт бичиг боловсруулах, богино, урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь бидний судалгааны үр дүнгээс харагдлаа.