Монгол улсын уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх боломж: экспортыг дэмжих төв
Keywords:
Уул уурхайн бус салбарын экспорт, экспортыг дэмжих төв, шилдэг туршлага, таталцлын загварAbstract
Экспортыг дэмжих төв (ЭДТ) байгуулах нь уул уурхайн бус салбарын худалдааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. ЭДТ нь экспортыг хөгжүүлэх, дэмжих зорилготой бөгөөд гадаад зах зээлээ тэлэх хүсэлтэй бизнес эрхлэгчдэд олон төрлийн үйлчилгээ болон дэмжлэг үзүүлдэг. ЭДТ–ийн гол давуу талуудын нэг нь уул уурхайн бус салбарын бизнест бүтээгдэхүүнийхээ шинэ зах зээл, хэрэглэгчдийг тодорхойлоход тусалдаг. Тус төв нь зах зээлийн судалгаа хийх, гадаад худалдааны тарифын саад тотгор болон бусад зохицуулалтуудын талаар мэдээлэл өгөх, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээл дээрх боломжит худалдан авагч, борлуулагч нартай холбох боломжоор хангадаг. Үндсэндээ энэхүү төв нь гадаад зах зээлд уул уурхайн бус салбарын хэрэглэгчдийн хүрээг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлээс хараат байдлыг үлэмж бууруулахад дэмжлэг үзүүлдэг байна. Шинжилгээний үр дүнд ЭДТ–ийн бодлогын дамми хувьсагч эерэг, ач холбогдолтой гарсан бөгөөд энэ нь Монгол улс аливаа улсад ЭДТ байгуулахад тус улс руу хийх уул уурхайн бус экспорт нэмэгдэх боломжтойг харуулсан. Харин Монгол улсын ДНБ, нэрлэсэн валютын ханш, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг хувьсагчдын коэффициент буурч, импортлогч орны ДНБ, газар зүйн зай, хиллэдэг эсэх, экспортын төвлөрөл зэрэг хувьсагчдын коэффициент өссөн үзүүлэлттэй гарсан.