Санхүүгийн мэдээллийн арилжаа хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, бодит боломж
Keywords:
Санхүүгийн мэдээлэл, Санхүүгийн мэдээллийн систем, Маркетингийн судалгааAbstract
Энэхүү судалгааны ажлаар манай улсын иргэд, хуулийн этгээд санхүүгийн үнэн зөв, тодорхой, шаардлагад нийцүүлэн боловсруулалт хийгдсэн мэдээллийг хууль ёсны мэдээллийн эх үүсвэрээс зохих төлбөртэйгээр авч ашиглах боломж бүрдүүлэх үүднээс хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодруулах, хууль эрх зүйн орчныг судлах, энэ чиглэлээр дэлхийн мэдээллийн зах зээлийн хөгжлийн туршлага болон манай улсын мэдээллийн эх үүсвэрийг харьцуулан үзэж, үүн дээрээ тулгуурлан мэдээллийн арилжаа хөгжүүлэх бодит боломжийг гаргаж харуулахыг зорилоо. Судалгааны үр дүнг харуулбал: (1) Хэрэглэгчийн зах зээлийг судалсан судалгаанд хамрагдагсдын дийлэнхид нь мэдлэг, мэргэжилдээ болон судалгаа шинжилгээний зорилгоор хөрөнгийн зах зээл, санхүүгийн, арилжааны банкуудын мэдээлэл нэлээд хэрэгцээтэй байдаг, мэдээллээ олж авахад хүнд суртал нөлөөлдөг, олж авсан мэдээлэл бүрэн бүтэн, үнэн зөв байж чаддаггүй байна. (2) Мэдээллийн арилжааны хууль эрх зүйн орчныг Монгол улсын хууль, эрх зүйн актын хүрээнд судалж үзэхэд төрийн байгууллагаас түүний эзэмшилд байгаа мэдээллийг авах эрхийн харилцааг зохицуулсан нааштай заалтуудтай, мэдээллийн үйлчилгээ үнэ төлбөртэй байх талаар тусгагдсан хууль гарсан эерэг талтай ч энэ харилцаа нь зөвхөн төрийн байгууллагад хамааралтай нь учир дутагдалтай байна. (3) Дэлхийн мэдээллийн зах зээлийн хөгжилтэй өөрийн орны өнөөгийн түвшинг харьцуулан судлахад мэдээллийн арилжааг зүй зохистой хөгжүүлснээр мэдээллийн тэгш байдал хангагдаж иргэдийн санхүүгийн боловсрол болон бүх түвшинд суралцагсдын мэдлэг чадвар дээшилж, судалгаа, шинжилгээний ажил шинэ шатанд гарч, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдал хангагдах нөхцөл боломж бүрдэнэ гэсэн дүгнэлтэд хүрсэн болно.