НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТҮҮХЭН ХӨГЖЛИЙН АСУУДАЛД
Keywords:
аж ахуйн бүртгэл, хөдөө аж ахуй, газар тариалан, худалдаа, аж үйлдвэр, данс, давхар бичилт, журнал, санамжийн дэвтэр, ерөнхий дэвтэр, нягтлан бодох бүртгэлAbstract
Хүмүүс суурьшмал амьдрал, нийгмийн нарийн зохион байгуулалтанд шилжиж эхэлсэн тэр үеэс хоол хүнс, тариа будаа, ан гөрөө, өмч хөрөнгийг тэмдэглэх зорилгоор элдэв дүрс зургийг ашиглаж эхэлсэн. Энэ бүхэн нь бичиг үсэг үүсэх эхлэл болсон бөгөөд бичиг үсэг буй болсон нь орчин үеийн нягтлан бодох бүртгэлийн үндэс суурь болсон аж ахуйн бүртгэл үүсэж хөгжихөд чухал алхам болсон байна. Үүнээс үзвэл нягтлан бодох бүртгэл нь хүн төрөлхтний оршин тогтнол, хөгжил дэвшлийн ололт амжилттай салшгүй холбоотой нэн эртний мэргэжлийн нэг юм. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүх бол үйлдвэрлэл, бараа таваар, эд баялаг, өмч хөрөнгийг буй болгохтой салшгүй холбоотой. Өмч хөрөнгө, эд баялагийн түүх бол түүний бүртгэл тооцоо, өөрөөр хэлбэл аж ахуйн болон нягтлан бодох бүртгэлийн түүх билээ. Энэхүү өгүүлэлд МЭӨ 3500 – аад оны үед Эртний соёл иргэншлийн өлгий нутаг Меспотамид анх үүссэн гэж үздэг аж ахуйн бүртгэлийн элементүүд Эртний Египет → Грек → Ромын эзэнт улсуудаар дамжин улам боловсронгуй болон хөгжсөөр Дундад эртний болон дундад зууны үед Европын томоохон улс орнууд болох Итали → Франц → Герман → Англи улсуудын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилтэй уялдан өнөөгийн Нягтлан бодох бүртгэл хэрхэн үүсэж буй болсон, түүнийг Орос улс бүтээлчээр нэвтрүүлэн улмаар 20-р зууны эхээр Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэй нягтлан бодох бүртгэлийг хэрхэн хөгжүүлсэн тухай түүхийг товч авч үзэв.