КОМПАНИЙН БОНДЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ АРГАЗҮЙН ЗАРИМ АСУУДАЛ
Keywords:
Компанийн бонд, зээлжих зэрэглэл, зэрэглэлийн үнэлгээAbstract
Монгол улсад 1991 оны 1-р сард Хөрөнгийн бирж байгуулагдан, 1992 оны 2 –р сараас хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр анхдагч зах зээлийн арилжааг явуулж үйл эхэлсэн түүхтэй, Хөрөнгийн зах зээл дээр 2001 онд компанийн бондын анхны арилжаа явагдаж, өнөөг хүртэл нийт 12 компани бонд гарган санхүүжсэн. /МХБ-н мэдээлэл 2016 он/. Арилжааны байдлаас бондоор санхүүжилт авсан компанийн тоо цөөн, тэдгээрийн гаргасан компанийн бондын 30 гаран хувь нь борлогдоогүй байна. Хөрөнгийн, тэр тусмаа компанийн бондын санхүүжилтын хөгжилд дараах хүчин зүйлс, тухайлбал: Банкны өндөр хүүтэй, барьцаат хөрөнгө шаардсан зээлийн үйлчилгээнд компаниуд хамрагдаж сурсан нийтлэг байдал, хөрөнгө оруулагч нарыг татах, итгэлийг нь төрүүлэх урамшууллын механизм хомс, бонд гаргасан компаниудад зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийдэггүй зэрэг нь нөлөөлсөн гэж үзэж байна. Өндөр хөгжилтэй улс орнуудад бонд гарган санхүүжих үйл явц түгээмэл бөгөөд түүний эргэн төлөх чадварыг нь гуравдагч этгээд болох зээлийн зэрэглэл тогтоох байгууллага үнэлэн баталгаат байдлыг хангадаг. Бондын зээлжих зэрэглэл тогтоох нь хөрөнгө оруулагч, санхүүжигч талуудын эрсдэлийг бууруулж, итгэлцлийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаа бөгөөд зэрэглэлийн үнэлгээ нь холбогдох онол, аргазүйд суурилан хийгддэг. Компанийн бондын зээлжих зэрэглэлийг тогтооход институцийн, төлөөллийн, тоглоомын, лемоны зах зээлийн, магадлалын онолууд холбогдох бөгөөд эдгээр онолууд дээр суурилан дискерминант, пробит, ложит, зураглал (маппинг) зэрэг аргазүйг судлаачид боловсруулжээ. Эдгээр онол, аргазүйд тулгуурлан компанийн зэрэглэл тогтоогч олон улсад “Их гурав” гэгдэх Мүүди’с, Эс&Пи, Фитч компаниуд 100 гаруй жилийн туршлага, судалгаа, мэдээллийн бааздаа суурилан зэрэглэлийн үнэлгээг хийж ирсэн. Хямд зардлаар санхүүжилт олох гол арга нь компани бонд гаргах үйл ажиллагаа хэдий ч бондын эргэн төлөгдөх эсэхэд хөрөнгө оруулагч нарын итгэлийг бүрдүүлэхэд зээлжих зэрэглэлийн мэдээлэл чухал ач холбогдолтой. Бид олон улсад компанийн бондын зээлжих зэрэглэлийн үнэлгээг тогтоож буй сүүлийн үеийн чиг хандлага, аргазүйг судлан, Монгол улсын эдийн засгийн орчин нөхцөлд нийцсэн, боломжтой, үндэсний компаниудын онцлогыг тусгасан, компанийн бондын зээлжих зэрэглэл тогтоох аргазүйг боловсруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн болно.