ДЭЛХИЙН УЛС ОРНУУД БОЛОН МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БА БОДЛОГО
Keywords:
Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, ногоон эдийн засаг, өрсөлдөх чадвар, шилдэг бизнесийн загварAbstract
Энэхүү судалгааны ажлаараа дэлхийн улс орнууд болон Монгол Улсын хөгжлийн өнөөгийн ба ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлогоо тодорхойлж буй байдал, Монгол Улсын өрсөлдөх чадварт сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшлийг судлан дүгнэж, цаашид Монгол улсын тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах шилдэг бизнесийн загварыг бий болгон нутагшуулах шаардлагатай болох талаар тодорхой саналыг дэвшүүллээ.
Одоогоор дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн улс орнуудын хөгжлийн өнөөгийн болон ирээдүйн төгс шийдэл нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал юм. НҮБ-ын олон улсын тогтвортой хөгжлийн дэд хэмжээний чуулга уулзалт 1972 оноос хойш 20 жилийн давтамжтайгаар 1992 ба 2012 онуудад зохион байгуулагдаж, НҮБ-ын гишүүн орнуудын тогтвортой хөгжлийн суурь зарчим, хөтөлбөрүүдийг баталсан.
Монгол Улс 1992 онд НҮБ-ын “Байгаль орчин ба хөгжил” сэдэвт дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож, НҮБ-ын гишүүн орнуудын тогтвортой хөгжлийн нийтлэг чиг хандлагыг удирдлага болгон цаашид хөгжих замыг сонгосон. Монгол Улс 1996 оноос эхлэн НҮБ-ын гишүүн орнуудын жишгээр урт хугацааны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлээд 20 гаруй жил болж байгаа хэдий ч хөгжлийн түвшин нилээн доогуур байгаа нь дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг хооронд нь харьцуулан бэлтгэдэг дэлхийн хэмжээний судалгааны тайлангуудаас харагдаж байна.
Мөн цаашид манай улс өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд тулд макро болон микро аль аль түвшинд инноваци ба засаглалын сайн тогтолцоог бүрдүүлж, эдийн засаг, нийгэм, байгаль орчны тэнцвэртэй хөгжилд түүний оруулах хувь нэмрийг дээшлүүлэх шаардлагатай болохыг эдгээр судалгааны тайлангууд харуулж байна.