ЦАХИМ ХУДАЛДААНЫ ХӨГЖИЛ БА ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
Keywords:
интернэт дэлгүүр, цахим худалдаа, цахим баримт бичиг, цахим хуудас, хуулийн хэм хэмжээAbstract
Цахим худалдаа гэдэг нь гар утасны программ болон интернэт гэх мэт цахим хэрэгслээр бүтээгдэхүүнийг худалдаж авах, борлуулах үйл явц юм. Цахим худалдаа нь онлайн жижиглэнгийн худалдаа, онлайн худалдаа, цахим гүйлгээ хэлбэрээр хийгддэг. Сүүлийн үед цахим худалдааны нэр хүнд өсөж, дэлгүүрүүдийн үйл ажиллагааг орлон гүйцэтгэх болсон. Цахим худалдаа нь бүтээгдэхүүн худалдан авах, борлуулах боломжийг олгодог төдийгүй нэмэлт зардал гаргахгүйгээр, өдөрт хорин дөрвөн цаг ажилладаг онцлогтой. Цахим худалдааг хэрэглэгчдэд чиглэсэн бизнес гэж ойлгодог хэдий ч бусад төрлийн цахим худалдааны үйлчилгээ хэрэгжсээр байна. Үүнд, онлайн дуудлага худалдаа, цахим банк, онлайн тийзний захиалга, онлайн зочид буудлын захиалга, бизнес гүйлгээнүүд гэх мэт. Интернет нь бидний өдөр тутмын амьдралд нэвтэрч, цахим худалдааг хүлээн зөвшөөрөх эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд бизнес эрхлэгчид үүнийг ашигласаар л байна.
Цахим худалдаа нь нэг дор их хэмжээгээр ашиг хийх боломжтой, газар нутгийн байршлын хязгаарлалт шаардахгүй, дэлхийн аль ч орноос дижитал цахим худалдааны бизнесээрээ дамжуулан бүтээгдэхүүн зарах боломжтой, бизнес эрхэлэгчдэд сонирхолтой сонголтыг хийх, үргэлж нээлттэй байдаг зэрэг олон талын ач холбогдолтой юм. Иймээс цахим худалдааны эрэлт хэрэгцээ улам бүр өсөж, хэрэглэгчид мэдээллийн ил тод, нээлттэй байдлаар хангагдахын сацуу үнэн зөв мэдээллийг түгээх, зөрчигдсөн эрхийг сэргээх, тэдний эрх ашиг, сонирхлыг хамгаалах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.