ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИД БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ (Орхон аймгийн их дээд сургуулиуд болон МСҮТ-ийн жишээн дээр)
Keywords:
үйлчилгээний чанар, хүлээлт, бодит үнэлгээ, оюутны сэтгэл ханамж, регрессAbstract
Дээд боловсрол нь аливаа улс орны нийгэм, эдийн засаг, технологийн хөгжлийг хурдасгадаг чухал хүчин зүйл бөгөөд дээд боловсрол олгож буй институциудын боловсролын чанар нь улс орны хөгжилд шууд нөлөөлдөг.
Ихэнх эрдэм шинжилгээ, судалгааны ажил, илтгэл, тайланд дээд боловсролын үйлчилгээний чанар, ач холбогдлыг нь чухалчилж харуулсан байдаг бөгөөд үйлчилгээний чанар ба оюутны сэтгэл ханамжийн хоорондын уялдаа холбооны талаар маргаантай байсаар байна. Нэг талаар сэтгэл ханамжийн түвшин нь хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээний чанараас логик хамааралтай байдаг, нөгөө талаар ихэнх судалгааны ажилд оюутнуудын сэтгэл ханамж ба тэдний үнэнч байдлын хоорондын уялдааг тодорхойлсон байдаг. Энэхүү судалгааны ажлаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (цаашид МСҮТ гэж товчлох) оюутнуудын сэтгэл ханамжид үйлчилгээний чанар хэрхэн нөлөөлдгийг тодорхойлохыг зорилоо. Үйлчилгээний чанар, оюутны сэтгэл ханамжийг SERVQUAL аргыг ашиглан тодорхойлж, үйлчилгээний чанарын үндсэн хэмжүүрүүд (Орчин нөхцөл, Баталгаат байдал, Найдвартай байдал, Үүрэг хариуцлага, Анхаарал халамж ) нь оюутны сэтгэл ханамжид хэрхэн нөлөө үзүүлдгийг эконометрикийн шинжилгээний арга зүй ашиглан тодорхойлсон. Судалгааны мэдээллийг Орхон аймгийн 3 их, дээд сургууль, 2 МСҮТ-ийн 295 оюутнуудаас цуглуулан авч шинжилгээндээ ашигласан. Шинжилгээний үр дүнгээс үзвэл үйлчилгээний чанарын үндсэн хэмжүүрүүд нь оюутны сэтгэл ханамжид эерэг нөлөө үзүүлдэг буюу шууд хамааралтай, түүнчлэн эдгээрээс хамгийн чухал нөлөөтэй хэмжүүр нь анхаарал халамжийн хүчин зүйлс байна.