ХҮРЭМТИЙН ХАДНЫ ЗУРАГ
Keywords:
хадны зураг, дүрслэл, байршил, сэдэв агуулгаAbstract
Энэхүү өгүүлэлд 2004 оны 7-8 сард Архангай аймгийн Цэцэрлэг сумын Бух багийн нутаг Хүрэмтийн хадны зургийг судалсан судалгааны талаар танилцуулж Хүрэмтийн хадны зургийн сэдэв, дүрслэлийг ангилан судалсан үр дүнг оруулсан болно. Хүрэмтийн хадны зураг нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвөөс баруун хойш 70 км- ийн зайд (N490901; E100°4208) оршиж байна.
Хүрэмтэд нийтдээ 12 газар хадны зураг тархсан бөгөөд янз бүрийн дүрслэлтэй 1176 хадны зураг бүхий томоохон цогцолбор газар юм. Хүрэмтийн хадны зургийн орчимд олон тооны хиригсүүр, 2 буган хөшөө тэмдэглэгдсэн байна. Хүрэмтийн хадны зургийн 1-р талбай нь уртаашаа 275 метр, өргөөшөө 40 метр бөгөөд 406 хаданд 841 зураг байсан болно. Нийт талбайг 10х40 метрийн хэмжээтэй хэсэгт хуваан судалсан бөгөөд 3, 4. 10, 13, 14, 26 -р хэсгүүд хамгийн олон хадны зурагтай байлаа. Зургийн тархалтыг авч үзвэл 14-р хэсэгт 104, 26-р хэсэгт 84, 13-р хэсэгт 82, 10-р хэсэгт 62, 7-р хэсэгт 51, 3-р талбайд 39 зураг тус тус байлаа. Зургуудыг урлахдаа хадыг хонхойлгон сийлэх аргаар урласан бөгөөд нилэнхүйд нь хонхойлгон сийлэх, дүрсний ерөнхий шугамыг хөвөөлөн гаргаад эх биеийн ерөнхий хэсгийг хадны өнгөөр үлдээх гэсэн дүрслэх хоёр арга хэрэглэсэн байна. Хүрэмтийн хадны зургийн үндсэн сэдэв нь эртний хүмүүсийн эрхлэх аж ахуйн( ан гөрөө, мал аж ахуй), зэр зэвсэг, тэрэг, гэр бүл, ахуй амьдрал, овгийн тамга тэмдэг, байгаль тэнгэр эрхсийг шүтэж бишрэх ёсны талаарх ойлголт зэргийг багтаажээ.