ХҮННҮГИЙН ХОВОР СОНИН ОЛДВОР
Abstract
Төв Азийн асар өргөн уудам нутаг дэвсгэрт ойролцоогоор 3-4000 жилд Алтайн язгуур хэлтэн олон овог аймгуудыг багтаасан эртний түүх соёлын арвин их дурсгал, ул мөр үлдээсэн хүннү улс оршин тогтож байв. Тэдгээрийн дотор уугуул Нутгийн цар хүрээ, хүн амын дийлэнх, зан заншлын хэв шинжээр адил нь Монгол овогтны өвөг дээдэс байж, өөрсдийн нүүдэл соёл иргэншлээ бүтээж байлаа.
Эртний Хятадын сурвалж бичгүүд-Ши цзи зэрэг Хүннү улсыг туурга тусгаар түүх, соёл, эдийн засгийн хувьд биеэ даасан байсан тухай- умар зүгийн нум сум агссан улсыг Хүннүгийн хууль захирна урт хотоос дотогших дээл, малгайн улсыг хан улсын хууль-захирах утгаар хааны айлтгалд тодорхой утгаар дурдсан буй. Түүнчлэн сурвалж бичигт хүннүгийн нутаг ус, эрхлэх аж ахуй, гарал үүсэл, зан үйл зэргийг өгүүлсэн буй. Умар зүгийн нүүдэлч олон овог аймгуудын тухай дурьдахдаа; Тэдгээр нь байгаль орчны ая талыг дагаж, уугуул нутгийн гаралтай таван төрлийн мал-адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа (бусад) өсгөн үржүүлж өвсний соргог, усны тунгалгийг бараадан, нутаг сэлгэн амьдарна гэсэн байдаг.
Мөн тэд малын аж ахуй эрхлэхийн зэрэгцээ араатан жигүүртэн агнаж, амжиргаанд хэргэлнэ гэсэн буй. (Хүннүгийн түүхийн эмхэтгэл материал)
Эртний хүннүгийн тухай судлал зуун жилийн нүүр үзэж, олон тооны эрдэмтэд, археологичид, чамлалтгүй олон бүтээл, туурвил гаргаж хүннү гүрний тухай, ойлголт, мэдлэгийн санч баяжаасаар байгаа юм.
Хүннү улсын нутгийн төв одоогийн монгол улсын дэвсгэрт онолдож байгаагийн хувьд монгол оронд 1924-25 онд П.К.Козлов Ноён уулын булш малтаж, Маодунь Шанью хааны ( Сайнхаан) дурсгал хэмээн анх мэдээлснээс хойш 70 гаруй жил өнгөрөхөд манай оронд явуулсан археологийн малтлага шинжилгээний шинэ тулгар материал хүннү судлалын цар хүрээг тэлэхэд үнэлж үзхүйц хувь нэмэр оруулсаар байгааг дурдууштай.
Нэн ялангуяа, МЗТСХЭ (Монгол Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедиц-хуучин нэрээр) хүннүгийн олон арван жирийн булш малтан (монгол, орос, эрдэмтэд монгол-унгар эрдэмтэд, Х.Пэрлээ, Н.Сэр-Оджав, Д.Наваан, Д.Цэвээндорж, Ц.Доржсүрэн, А.П.Окладников, В.В.Волков, П.Б. Коновалов, И.Эрдели /унгар/) Хүннүгийн эдийн соёлын үнэт ховор хур материал илэрүүлж, эрдэм шинжилгээний ном, зохиол өгүүлэл, нийтэлсэн байна.
Сүүлийн үед Монголын археологичид бие даан судалгаа явуулан шинэ шинэ газар нутагт урьд өмнө олоогүй, булш оршуулага нээж, хүннүгийн археологийн материалыг тооноос чанарт хүргэсээр байна.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс 1980 гаруй оноос 1990 онд Ховдын хязгаарт (Ховдын Манхан сумын Тахилтын хотгорт) малтаж шинжилсэн язгууртны 1,2-р том булшны эдийн соёлын дурсгал, П.К.Козловын дараах шинэ томоохон ажил болсон юм. (Хүннүгийн өв соёл-1999 он)
Сүүлийн жилүүдэд МУИС-ийн НУФ-ийн дэргэд Антропологи-археологийн тэнхим байгуулагдан жил бүр оюутны хээрийн дадлага явуулан хүннүгийн үеийн хэдэн арван булш малтаж, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий олон сонин ховор олдвороор оюутнуудын сургалт-үзүүлэн материал-сан хөмрөг буй болгож байна. Энд бид урьд өмнө хүннүгийн эдийн соёлд холбогдох хүрэл лууны толгой, өвөрмөц мөнх зулын вааран цөгц, анх удаа олдож буй цөгцөн ёроол суурьтай хүрэл тогоо, бичиг тэмдэгтэй ваар, зэргийг дурдахын хамт, нэгэн ховор сонин эдийн дурсгал ясан сийлбэрийг толилуулж байна